“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг хоёр дахь жилдээ энэ сарын 6,7-нд Хүй-долоо худагт зохион байгуулах гэж байна.
Даншиг наадмын бэлтгэл ажлын талаар өчигдөр /2016.08.02/ наадмын комисс НЗДТГ-ын “А” танхимд хуралдлаа.
Энэ жилийн “Даншиг наадам-Хүрээ цам” наадамд 256 бөх барилдана. Даншиг наадамд барилдах бөхчүүдийг энэ сарын 5-ны өдөр 9 цагт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд бүртгэх гэнэ. Мөн үндэсний болон халх сурын харваагаар 400 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорих юм. Сур харвааны бүртгэл энэ сарын 4, 5-нд Монголын үндэсний сурын харвааны холбооны байранд эхлэх бөгөөд онлайнаар бүртгүүлж болох юм байна. Даншиг наадмын эхний өдөр морь уралдахгүй гэдгийг албаныхан хэлж байв.
Даншиг наадмаар Замын цагдаагийн газрын 410 алба хаагч Хүй долоо худагт хоёр өдөр байрлан, ажиллах гэнэ. Харин наадмын хоёр дахь өдөр 860 алба хаагч аюулгүй байдлыг хангаж ажиллана.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын 6-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа 350 уран нугараач “Уул усны домог” тоглолтыг толилуулах бөгөөд дэлхийн гиннесийн амжилтад бүртгүүлж чадахааргүй болсон гэдгийг албаныхан хэллээ.
Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас их багтаамжийн 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар боллоо. Хүй долоон худаг руу явах автобус нь 8 дугаар сарын 6-нд өглөөний 08:00 цагаас эхлэн МУБИС-иас хөдлөх бөгөөд оройн 22:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Харин 8 дугаар сарын 07-нд 07:00-22:00 цаг хүртэл үйлчилгээнд явна.
Энэ жилийн “Даншиг наадам-Хүрээ цам” наадмын талбайд 2 мянган хүний суудал засах гэнэ. Мөн наадмын өдрүүдэд иргэдэд эко 30 ширхэг автобус үйлчилнэ. Энэ жилийн наадмыг “TV9” телевиз шууд дамжуулна.
А.Сүрэн