Өлзийгийн галерей: Үзэгдэх гоо сайхны туйл

Хуучирсан мэдээ: 2016.08.05-нд нийтлэгдсэн

Өлзийгийн галерей: Үзэгдэх гоо сайхны туйл

Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн нүүр номын хуудастаа бичиж буй  зураачдын тухай цуврал өгүүллийг news.mn сайт албан ёсны  зөвшөөрөлтэйгээр танд хүргэж байна.

Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!


ӨГ=16

ҮЗЭГДЭХ ГОО САЙХНЫ ТУЙЛ

Францын зураач Аристид Майоль нь тухайн цагийнхаа (1861-1944) хамгийн алдартай уран бүтээлч төдийгүй НЮ (нүцгэн натур) зурахдаа гаршсан нэгэн байв.Тиймээс ч ийм маягаар зурагдсан хөргүүдийг “Майолийн хүүхнүүд” гэж нэрлэдэг тогтсон нэр томьёо дүрслэх урлагт бий болжээ.

Тэрээр амьдралынхаа туршид зөвхөн НЮ зурсан бөгөөд эмэгтэй хүний гоо сайхан, биеийн харьцаа, хэм хэмжээг урнаар илэрхийлэхэд л бүхий авьяасаа зориулсан нь сонирхолтой. Урлаг судлаачдын үздэгээр бол Майоль анх Грек рүү аялж, эртний баримлуудтай танилцсан нь түүний сонгодог урлагийн талаарх ойлголтыг улам нэмэгдүүлж, таашаалыг нь бататгаж өгсөн гэх. Сонгон авсан сэдэв нь түүнийг өмнөх үеийн зураачидтай арга барилын хувьд их ойртуулдаг. Таны харж буй яг энэ зургийг сангин-аар зуржээ. Сангины зөөлөн зураасууд бүсгүйн гоо сайхныг улам тодотгож, зураачийн харуулах гэсэн хамгийн төгс агшныг бүрнээ илэрхийж байна. Нобелийн шагналт зохиолч Андре Жид энэ зургийг хараад “Энэ эмэгтэй бол үзэгдэх гоо сайхны туйл! Энэ бүтээлд ямар ч үзэл санаа алга, цэвэр урлаг!” гэж дуу алджээ.

“Хэвтэж буй нүцгэн бүсгүй” хэмээх энэ бүтээл зураачийн хамгийн анхны ажлын нэг агаад одоо Чикагогийн урлагийн институтад хадгалагдаж байна.

(ХХ зууны урлагийн түүхийн номоос авав)

ЭХ СУРВАЛЖ: https://www.facebook.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж