Токиогоос эхэлсэн олимпийн зам Риогийн зуны олимп өнөөдөр эхэлнэ. Цагийн зөрүүгээс шалтгаалан монголчууд бид олимпийн тоглолтын нээлтийг маргааш буюу наймдугаар сарын 6-ны өглөө 08.00 цагт хүлээн авч үзэх боломжтой юм. Монголчууд энэ удаагийн олимпод түүхэндээ байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Паралимпийн тамирчдыг оролцуулаад 50 дөхөж байна. Өмнө нь хамгийн олон буюу 43 тамирчин 1980 оны Москвагийн олимпод оролцож байжээ. Тухайн үеийн дэлхийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан Москвагийн олимпод барууны том гүрнүүд оролцоогүй юм. Москвагийн олимпоос Монголын тамирчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль, таван шагналт байр эзэлж 80 орноос 22 дугаар байрт орж байжээ. Монголын олимпийн түүх 1964 оны Токиогийн олимпоос эхэлдэг. 1964 оны Токиогийн зуны 13 дугаар тоглолт 1964 оны аравдугаар сарын 10-24-нд зохион байгуулагдсан. Үүнээс өмнө 1940 онд Япон улс мөн зуны олимпийг зохион байгуулах эрхийг авсан ч Япон улс Азид хийх түрэмгийллээ эхэлж, Хятад руу халдсаны улмаа эрхийг Хельсинки хотод шилжүүлсэн. Гэсэн дэлхийн хоёрдугаар дайны улмаас Хельсинкийн олимп ч цуцлагдсан түүхтэй. Токиогийн олимп нь олимпийн тоглолт Ази тивд зохиогдсон анхны тохиолдол юм. Токиогийн олимпод монголчууд чөлөөт бөх, хөнгөн атлетик, дугуй, буудлага, гимнастик гэсэн спортын таван төрөлд эрэгтэй 17, эмэгтэй дөрөв нийт 21 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон. Хэдийгээр Токиогийн олимпоос Монголын тамирчид амжилт үзүүлж чадаагүй ч ялангуяа бөхийн тамирчдын бяр чадлыг магтан Японы хэвлэлүүдэд бичиж байсан гэдэг. "Монголчууд дараачийн олимпоос медаль авах юм байна. Адууны сүүгээр угжуулж өссөн монголчууд их хүчтэй байна” гэж бичиж байжээ. Үнэхээр ч дараагийн буюу 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас анхны олимпийн медалийг бөхчүүд маань авчирсан. Ж.Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав,Т.Артаг, Д.Сэрээтэр хүрэл медаль хртсэн. Токиогийн олимпод оролцсон тамирчдыг танилцуулбал, Чөлөөт бөхийн төрлөөр найман тамирчин: 52 кг-д Ч.Дамдиншарав, 57 кг-д Б.Сүхбаатар, 63 кг-д Б.Санжаа, 70 кг-д Д.Сэрээтэр, 78 кг-д Ж.Мөнхбат, 87 кг-д Х.Баянмөнх, 97 кг-д Ө.Эрдэнэ-Очир, +97 кг-д Ц.Санжаа, Хөнгөн атлетикийн төрөлд гурван тамирчин: эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд Д.Амарсанаа, эмэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтэд Р.Алданыш, зээрэнцэг шидэлтийн төрөлд Д.Намжилмаа, Дугуйн спортын бөөн гараа болон багийн гараатай уралдаанд Л.Буудай, Ч.Саманд, Я.Баатар, Л.Эрхэмжамц, Буудлагын урт бууны чөлөөт төрөлд Д.Лхагважав, гар бууны төрөлд Т.Мягмаржав, Гимнастикийн төрөлд гурван тамирчин: эрэгтэйчүүдээс З.Нямдаваа, эмэгтэйчүүдээс Ц.Гүндэгмаа, Я.Туяа нар оролцжээ. Анхны олимпод оролцох Монголын баг тамирчид тухайн үед Болгар, Арчилсан Герман улсад очиж бэлтгэл хийсэн тухай хууччуул дурсдаг. Монголын баг тамирчид Оросын Владивостокоор дамжин Владивостокоос усан онгоцоор Токио хүрчээ. Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав өөрийн дурдатгалдаа “Усан онгоц үзээгүй талын Монголын хүүхдүүд тэр хөлгөөр нэг өдөр, шөнө явж, гайхан биширч явсан. Очсон хойноо олимпийн хотхон гэдэг толгой эргэм том газарт олон орны залуустай хамт байрласан. Үзэл суртлын хувьд капиталист оронд болж байгаа учраас социалист орны залуус тухайн орныг магтах эрхгүй. Бидэнтэй хамт НАХЯ-наас олон хүн тийшээ очсон. Олимпийн тосгон үнэхээр гайхамшигтай санагдаж байлаа. Бид унадаг дугуй унах бүү хэл зарим нь үзээгүй. Ж.Мөнхбат аварга, Б.Санжаа /жижиг Санжаа гэгддэг/ бид хэд тэнд долоо хоног ноцолдож байж дугуй унаж сураад ирж байсан юм. Олимпийн тосгонд унадаг дугуй дүүрэн. Нэг газраас унаж яваад дэлгүүрийн үүдэнд орхиход дахиад өөр хүн унаад цааш явах жишээтэй. Өөрөөр хэлбэл, унадаг дугуй тэнд нийтийн тээврийн унаа болохыг хараад хачирхан гайхаж явсан” хэмээн өгүүлсэн байдаг. Токиогийн олимпийн гимнастикийн багийн дасгалжуулагчаар ажилласан Далхаагийн Дангаасүрэнгийн хувийн архивын гэрэл зургаас та бүхэнд хүргэе.