- Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум-2016 Улаанбаатар хотноо өчигдөр эхэллээ. Энэ жил Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 3 дахь удаагаа “Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага” сэдвийн дор зохиож байна. Форумд БНСУ, ОХУ, Япон, Унгар зэрэг орны хотуудын удирдлагууд оролцох юм. Тухайлбал, ОХУ-аас 10, БНХАУ-аас есөн хотын дарга оролцож байна.
- УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталж, зарим яамдыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
- Ардчилсан намын /АН/ Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комиссоос өчигдөр мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс УИХ болон, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр Сонгуулийн тухай хууль зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй олон зөрчил гарсан гэлээ.
- Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумдад цагаан эрвээхэйн нүүдэл ихэсч, модыг хөндийлэн устгаж эхэлсэн талаар мэдээлэл цацагдах болсон билээ. Энэ талаар Ойн хөгжлийн судалгааны төвийн мэдээлснээр “Өрөөсгөл хүр эрвээхэйн шавьжны үржлийн мөчлөг нь 10-12 жилийн давтамжтайгаар явагддаг. Тэр үе нь энэ жил тохиолдож байна. Цаг агаарын байдал ч нөлөөлдөг. Хэт халалт, хуурайшлын үетэй үржлийн мөчлөг нь давхацлаа. Өрөөсгөл хүр эрвээхэй нь хөнөөлт шавьж юм. Модонд асар их хөнөөл учруулдаг. Амьдралынхаа мөчлөгөөр нисдэг хугацаа нь 6-9 дүгээр сарын эхэн үед тохиолддог. Одоогийн байдлаар цагаан эрвээхэйн нислэг эхний шатандаа явж байна. Өрөөсгөл хүр эрвээхэйн нислэгийн оргил үе наймдугаар сарын 10-аас эхлэх байх” гэж мэдээлжээ.
- Хүүхдийн мөнгө олгох асуудлыг төсөвт тодотгол хийх хүртэл түр зогсоосон байна. Өөрөөр хэлбэл, энэ хүүхдийн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны төсөвт тодотгол хийн тусгахыг Сангийн сайдад Ерөнхий сайд үүрэг болгожээ. Мөн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсөвт тодотгол хийх Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байна.
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэмжээнд долдугаар сарын 10-нд хүчтэй аадар бороо, орсны улмаас 1, 6, 9, 11, 13 дугаар багийн нутаг дэвсгэр үер бууж, их хэмжээний хохирол амссан. Үерт өртсөн иргэдэд туслах зорилгоор Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийнхөн “Баян-Өлгийд тусламжийн гараа сунгая” аяныг эхлүүлсэн. Тус аян өчигдөр өндөрлөж, үйл ажиллагаагаа дүгнэлээ. Долоодугаар сарын 12-ноос өчигдрийг хүртэлх хугацаанд хандиваар нийт 11 сая 370 мянган төгрөг, 60 орчим хайрцаг тусламжийн эд зүйлс цугларсан байна. Тусламжийг ирэх долоо хоногт Өлгий суманд хүргэнэ.