2016 оны эхний хагасын дүнгээр Хятад улсын АНУ-ын зах зээлд оруулсан хөрөнгө оруулалт 18.4 тэрбум ам.доллар болсон нь Хятадаас АНУ руу хөрөнгө оруулалт урсч эхэлсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсоныг Форбес сэтгүүл мэдээллээ. Rhodium Group-ийн мэдээгээр энэ нь өнгөрсөн 2015 оны мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн дүн юм. 2015 оны эхний хагаст Хятадын АНУ дахь хөрөнгө оруулалт 6.4 тэрбум ам.доллар, харин бүтэн жилийн дүн 15.3 тэрбум байжээ.
АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг Хятадын компаниудын нилээд нь хөрөнгөө оруулалтаа нэмэгдүүлсэн нь үүнд нөлөөлжээ. Тухайлбал, цахилгаан барааны Haier компани АНУ-ын General Electric компанийн нэг нэгжийг 5.6 тэрбум ам.доллараад худалдан авсан нь хамгийн том хэлцэлд тооцогдож байна.
Haier-аас гадна Хятадын олон компани нийтдээ хөрөнгө оруулалтын 55 хэлцэл хийжээ. Тухайлбал, Dalian Wanda АНУ-ын Legendary Entertainment-ийг 3.5 тэрбум ам.доллараар авах хэлцэл хийсэн.
А.ШАРАВ