Эдийн засаг: Ямар гарц байна вэ?

Хуучирсан мэдээ: 2016.08.05-нд нийтлэгдсэн

Эдийн засаг: Ямар гарц байна вэ?

Мэргэжлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаад удаагүй байна. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн хамгийн хүнд үед ачааны хүндийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар үүрнэ.

Төсвийн алдагдал 1.1 их наядаас давж, оны эцсээр 1.6-2 их наяд хүрч магадгүй гэсэн “мессеж”-ийг эдийн засагчид өгч байгаа билээ. Тиймээс Засгийн газарт төсвийн алдагдлаа нөхөх их наяд төгрөгийг хаанаас олох вэ гэсэн анхны том даалгавраа  биелүүлэх ёстой. Гэтэл хөрөнгө оруулалт хасахтай гарч, экспортын орлого муудсан. Энэ талаас нь харвал үнэмлэхүй олонхийн хувьд МАН-ыг мөн үнэмлэхүй том хариуцлага хүлээж байна гэсэн үг.

Мэргэжлийн Засгийн газар төсвийн тодотголыг яаралтай боловсруулж, наймдугаар сарын 20-ноос өмнө УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Үүнтэй холбоотойгоор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаа М.Энхболд дарга УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааны хаалтын үеэр хэлсэн юм.

Мэргэжлийн Засгийн газрын үүрэг бол эдийн засгийг засч залруулахаас ажлаа эхэлнэ.  Тиймээс тэдэнд хандаж эдийн засагчид юу гэж зөвлөж байгааг хүргэе.

100 САЯ АМ.ДОЛЛАР ХЭМНЭХ БАЙСАН

Монгол Улсын сайд асан М.Энхсайхан: Хямралтай нүүр тулж буй бүхий л орон баян ядуу гэлтгүй “Стэндбай” хөтөлбөрт хамрагдах гэж ОУВС дээр дугаарлаж буй. Монгол энэ дараалалд зогсох эсэхээ шийдэж ядан байна. Уул нь жилийн өмнө орсон бол 100 сая ам.доллар хэмнэх байлаа. Өндөр хүүтэй зээл авч өрөө зузаатгасны өртөг жил бүр 100 сая ам.доллар болж байна. “Стэндбай” хөтөлбөрт хамрагдахаар өөрийн толгойгүй болчих гээд байгаа юм шиг бодол нь гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжих гээд байгаатай агаар нэгэн төөрөгдөл юм.

“Стэндбай” хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа хоёр жил, цөөн тохиолдолд гурван жил байдаг. ОУВС-гаас хямд зээл авснаар төлбөрийн тэнцлийн хямралаа түр хугацаанд зохицуулах бололцоо бүрддэг. Хамгийн гол нь ОУВС-тай хамтарч эдийн засгийн бодлогын хүрээгээ тогтоож, санхүүг сахилгажуулснаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах бололцоо бүрддэг. “Стэндбай” хэмээх нэг сумаар өрөө төлөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бололцоо бий. Нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг.


“СТЭНДБАЙ”-Д ХАМРАГДААС ӨӨР ГАРЦ АЛГА

Эдийн засагч Б.Лакшми: Санхүүгийн зах зээлээ либералчилбал зүгээр болов уу.  Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг харахад эрх баригчид “Стэндбай”-д хамрагдаас өөр гарц алга.  Төсвийн алдагдал асар их. Дээр нь экспортын орлого муудсан. Мөн Монголбанкны валютын нөөц шавхагдсан үед гаднаас зээл авахаас өөр аргагүй. Өндөр өртөгтэй зээл авч байснаас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь бидний хувьд хохирол багатай юм даа.


ОРЛОГО, ЗАРЛАГАА ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ ЁСТОЙ

Ж.Дэлгэржаргал:  Засгийн газар нэн даруй хийх ажил бол төсвийн орлого, зарлагыг тэнцвэржүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, эндээс эдийн засагт гарч ирэх сөрөг үр дагаврыг бууруулж, ам.долларын өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй байна. Ирэх оноос бид бондын өрүүдийг төлж эхэлнэ. Тиймээс ам. долларын дотогшлох урсгалыг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Мөн хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзахгүй бол эдийн засаг дарамтад орно.


ЭДИЙН ЗАСАГТАА ЭХЛЭЭД АНАЛИЗ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Эдийн засагч Н.Дашзэвэг: Эрх баригчид хамгийн түрүүнд хийх ажил бол эдийн засгийн хямрал гэж юу вэ, энэ хямрал юунаас болсон бэ гэдгээ тодорхойлох ёстой юм. Эмч өвчнийхөө оношийг тавиад ямар ерөндөг хэрэглэх вэ гэдгээ шийддэг шиг, эдийн засагтаа эхлээд дүн тавьж, дүгнэлт хийх хэрэгтэй байна.  Оны эхний улиралд эдийн засгийн өсөлт гурван хувьтай гарч, инфляци хамгийн нам төвшиндөө байна. Энэ талаас нь харвал эдийн засаг гайгүй юм шиг харагдаж байгаа. Гэтэл улсын төсвийн алдагдал их наядаас давж, төлбөрийн баланс сайнгүй, иргэдийн худалдан авах чадвар асар муудсан гэвэл эдийн засаг тун муу байгааг илэрхийлж буй. Тиймээс нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалд анализ хийх нь чухал. Манай эдийн засаг төрөл бүрийн өвчтэй. Тэр өвчин болгоныг нь эмчлэх чухал. Миний хувьд эрх баригчид Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд /ҮХШХ/ маш сайн эдийн засагчдыг цуглуулах хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна. Өмнө нь МАН-ынхан ҮХШХ-нд дандаа дарга, сайд нарын хүүхдүүд, ах дүүсийг цуглуулсан. Одоо тэгэх хэрэггүй. Нээлттэй тендер зарлаад эдийн засгийн том бодлого боловсруулж чадах мэргэжилтэй, мэргэшсэн хүмүүсийг цуглуулах ёстой болохоос тэнд нэг баян компанийн захирлыг аваачаад хэрэггүй. Хямралаас гаргах хамгийн гол стратегийг тэнд боловсруулж, эрдэмтдээр дүгнүүлээд УИХ-аар хэлэлцүүлбэл эдийн засагт хэрэгтэй шийдэл болж чадна.

Эдийн засагчид ингэж зөвлөж байна. Харин энэ бүхнийг бодлогодоо тусгах эсэх нь эрх баригчдын шийдэх хэрэг. Гол нь эрх баригчдын шийдвэрээс хямралаас хэр хугацаанд гарах вэ, хэчнээн хохирол амсах вэ гэдэг нь шийдэгдэнэ. Эдийн засгийн хувьд нэг сайн тал нь нэг нам үнэмлэхүй олонх болсноор засаглалын хямрал арилж, үүнээс эдийн засагт ирэх дарамт буурах байх. Харин үнэмлэхүй олонхийн муу тал нь бусдын үгийг сонсохгүйгээр өөрсдийнхөө сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэх гэж улайрах эрсдэл бий.

Ямар ч байсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад эдийн засгийг хямралаас гаргасан уу, үгүй юу гэдэг дээр ямар нэг дүн тавигдах нь ойлгомжтой. Ард түмний ой санамж богино биш. Дээр нь монголчууд эрх баригчдаас амархан уйддаг гэдгийг энд сануулахад илүүдэх юун.

 Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж