Төсвийн тодотголоор ажлын хэсэг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.08.04-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголоор ажлын хэсэг байгуулжээ

Мэргэжлийн Засгийн газар өчигдөр хуралдаж, хэд, хэдэн шийдвэрээ гаргасан юм. Засгийн газрын хуралдаанаар чухам ямар асуудал хэлэлцсэнийг ЗГХМА-ны дарга Г.Отгонбаяр өнөөдөр /2016.08.04/ сэтгүүлчдэд мэдээллээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Энэ асуудал өчигдрийн Засгийн газрын хуралдаанд нууцын зэрэглэлд багтаж байсан юм. Засгийн газрын хуралдаанаар 2016 оны төсөвт тодотгол хийхээр болж, Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулжээ. Монгол Улсын төсөв эхний хагас жилийн байдлаар 1.2 их наядын алдагдал амсаад байгаа билээ.

Мөн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталжээ. Нийслэлийн болон дүүргийн тамгын газруудын орон тооны хязгаарыг баталсан байна. Өөрөөр хэлбэл, нийслэл өмнө нь зургаан орлогч, 32 агентлагтай ажиллаж байв. Агентлагуудын тоог хадгалсан ч заримынх нь чиг үүргийг өөрчилсөн байна. Нийслэлийн иргэдийн 65 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тиймээс Залуучуудын хөгжлийн газрыг шинээр нэмж байгуулсан байна. Монгол Улсын нийт хүн амын 45, нийт өрхийн 40 хувь нь нийслэлд амьдардаг аж.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж