Энэ жил нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг энэ сарын 22-28-ны хооронд хийхээр болжээ. 2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд таван настай буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй аж.
Цэцэрлэгийн бүртгэл эхлэхээс хэд хоногийн өмнө цэцэрлэгийн гадна иргэд урт дараалал үүсгэн хонон өнждөг. Энэ байдлыг өөрчилж, шинэ тогтолцоонд оруулах тухай ярьдаг ч өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй байгаа билээ. Энэ жил ч мөн цэцэрлэгийн бүртгэлд содон өөрчлөлт орохгүй юм байна. Харин ачаалал хэт ихэсч, хандив, хахууль ихэссэн зарим цэцэрлэгүүдэд бүртгэлийг сугалааны журмаар явуулах аж.
Өнгөрсөн жилийн хувьд цэцэрлэгийн бүртгэлийн асуудал Баянзүрх дүүрэгт хурцадсан. Цэцэрлэгийн насны хүүхдийн тоо ихтэй, цэцэрлэгийн үүдэнд урт дараалан эмх замбараагүй байдал үүсгэх, хандив мөнгө авах зэрэг багагүй асуудал үүссэний улмаас бүртгэлийг сугалаагаар явуулсан. Тэгвэл ялангуяа энэ дүүрэгт ирэх намар сугалааны журмаар бүртгэл явуулах юм байна.
Харин бусад цэцэрлэгийн бүртгэл, элсэгчдийн тоо зэрэг нарийн мэдээллийг ирэх сард гаргах аж. Урьдчилсан байдлаар энэ намар нийслэлийн цэцэрлэгүүдэд нэгдүгээр ангид 30 орчим мянган хүүхэд элсэх төлөвтэй байна.
Б.ЗАЯА