О.Энэрэлт: Моханик хамтлаг “монгол үнэртэй” уран бүтээл хийхийг зорьдог

Хуучирсан мэдээ: 2016.08.06-нд нийтлэгдсэн

О.Энэрэлт: Моханик хамтлаг “монгол үнэртэй” уран бүтээл хийхийг зорьдог

Дэлхийн 17 хотод гарч, гурван улсын кино наадмын шагнал хүртсэн “LIVE from UB"  буюу “Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат киноны нээлт өнөөдөр 18 цагаас Тэнгис кино театрт болно. Энэхүү баримтат кинонд шинэ үеийн амьд хөгжмийн төлөөлөл болох Моханик хамтлагийн шинэ цомог бүтээх үйл явцыг харуулдаг ажээ. Ингээд тус хамтлагийн басс гитарчин О.Энэрэлттэй ярилцлаа.

-Моханик хамтлаг “LIVE from UB" баримтат кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авав. Хэзээнээс энэ баримтат киноны зураг авалт эхэлсэн бэ?

-Моханик хамтлаг 2012 онд шинэ цомгийнхоо ажилд орчихсон байсан. Тэр үеэр Лорн Нэпп гэх АНУ-ын найруулагч бүсгүй монголд ирж, Монголын амьд хөгжмийн үүсэл,  хөгжлийн талаар баримтат кино хийх талаар бидэнд танилцуулсан юм. Тэгээд бид ярилцаад, нэг жилийн турш “Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат киноны зураг авалтыг хийсэн юм. Уг киноны зураг авалт 2013 онд дуусч, 2015 оны эхээр АНУ-д гарч эхэлсэн.

-Энэхүү баримтат кинонд Монголын рок хөгжмийн үүсэл, хөгжлийн түүхийг өгүүлнэ гэж байсан. Энэ баримтат кинонд Моханик хамтлаг хэрхэн оролцсон бэ?

-Энэхүү 85 минутын хугацаатай үргэлжлэх баримтат киноны тал хувь нь бидний тухай өгүүлнэ. Манай хамтлагийнхан их баяртай байгаа. Уг баримтат киноны зураг авалтын турш найруулагч Лорн маань манай хамтлагийн гишүүн шиг л байсан. “Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кинонд Моханик хамтлагийн шинэ цомог бүтээх үйл явцыг харуулдаг. Энэ баримтат кинонд ороогүй олон бичлэг үлдсэн. Цаашдаа үлдсэн бичлэгүүдээ уран бүтээлээр дамжуулж цацах болно.

-“Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кинонд танай хамтлагийн ямар нэртэй цомгийн тухай гардаг вэ?

-Энэ кинонд хамгийн сүүлд гаргасан “Моханик Амарбаясгалант” нэртэй цомгийн тухай гардаг. Манай хамтлагийнхан ойрын хугацаанд энэхүү цомгийнхоо албан ёсны тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа. Шинэ цомгийн бүх бичлэгийг Амарбаясгалант хийдийн үзэсгэлэнт байгальд хийсэн. Харин дараа жилээс дахин шинэ цомгийн ажилдаа орох байх.

-Моханик хамтлаг бусад амьд хөгжмийн хамтлагуудаас юугаараа ялгарах бол?

-Хүмүүс манай хамтлаг ямар вэ гэдгийг тодорхойлох байх. Манай хамтлагийн  уран бүтээл өөрсдийгөө үргэлж хайж байдагт оршдог. Зарим дууг зохиох гэж нэг сарын хугацаа шаарддаг. Тиймээс бид уран бүтээлээ “машиндаад” гаргахыг хүсдэггүй. Бид уран бүтээлээрээ дамжуулан аль болох монгол үндэсний  “монгол үнэртэй” уран бүтээл гаргахыг зорьдог.

-Танай хамтлагийн гишүүдэд өөрчлөлт орсон уу?

-Яг энэ цомгийг бичих үеэр манай хамтлагийн бөмбөрчин солигдсон. Одоо дуучин Ц.Даваажаргал, гитарчин, дуучин С.Цогт, бөмбөрчин Г.Батбаяр, басс гитарчин О.Энэрэлт, Г.Билэгдэмбэрэл гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй. Бүгд урлагаас өөр мэргэжилтэй. Бид цэвэр сонирхлоороо 2004 онд нэгдэж байлаа. Одоогийн байдлаар уран бүтээлээ түр завсарлачихсан байна. Өнгөрсөн долоо хоногт хамтлагаараа Сөүлийн кино наадамд “Улаанбаатараас шууд дамжуулж байна” киноны ажлаар оролцсон. Энэ үеэр хамтлагаараа цуглахад сайхан байлаа. Сүүлийн үед идэвхтэй уран бүтээлээ хийхийг хичээх болно.

-Энэ сарын 12-нд “Монгол рок н ролл” хэмээх хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаа гэсэн. Уг хэлэлцүүлгийн талаар товч танилцуулахгүй юу?

-Тийм. Энэ сарын 12-нд 19 цагаас Гэгээнтэн төвд хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Моханик хамтлагаас гадна Нисванис, Hi Fi Records, The Colors хамтлагийн уран бүтээлчид, продюсерүүд энэ кинонд оролцсон тухайгаа Монголын рок н ролл хөгжмийн урсгал дэлхийд хэрхэн хөгжих боломжтой талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж