АСЕМ-ын дараа зохион байгуулагдаж байгаа олон улсын томоохон арга хэмжээ гэж болох Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр их хурал энэ сарын 15-нд нээлтээ хийх гэж байна.
Уг арга хэмжээний талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар, ШУА-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Рэгдэл нарын хүмүүс өнөөдөр/2016.08.08/ мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа монголч эрдэмтний 11 дүгээр их хурал наймдугаар сарын 15-18 –ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд, биет бус өвийг тээгч иргэд оролцож “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын олон улсын харилцаа судлал” гэсэн таван салбараар итгэл хэлэлцүүлэх аж.
Энэхүү хурлыг Олон улсын монгол судлалын холбоо, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөл, Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУЯ, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан, МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс хамтран зохион байгуулж байна.
“Олон улсын монгол судлал нэгдсэн зохион байгуулалтад орсон цагаас хойш буюу 1959 оноос хойш өдийг хүртэл зохион байгуулагдаж байна. Их хуралд ирсэн эрдэмтэд зөвхөн хуралд суугаад буцахгүй манай акдеми, хүрээлэнгийн эрдэмтэдтэй Монгол судлалын чиглэлээр судалгаа хийх юм” гэж ШУА-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Рэгдэл хэллээ.
Т.НОМИН