Монголын түүх соёл, уламжлалт ахуй, хэл соёлоос гадна орчин үеийн нийгэм, улс төр, эдийн засгийг олон улсын судлаачид сонирхох болжээ. Жил ирэх тусам монгол судлалыг сонирхох олон улсын судлаачид нэмэгдэхийн хэрээр орчин үеийн Монголын хэв маягийг давхар судлах хүсэлтэй болсон хэмээн өнөөдөр БСШУСЯ-нд болсон залуу судлаачдын сургалтын үеэр мэргэжилтнүүд онцоллоо. Монгол судлалыг сонирхон суралцаж буй 30 залуу энэ жилийн зуны сургуульд хамрагдахаар Улаанбаатар хотноо ирээд байна. Орос, Герман, Швейцарь, Чех, Унгар, Итали, Финлянд, Хятад, Япон, Австрали, Америк зэрэг 12 орны 18 их сургууль, судалгааны төвийн залуус Монголыг зорин иржээ.
Дороти Суторын хувьд Герман Улсаас иржээ. Герман улсын Боннын их сургуульд суралцдаг тэрбээр Монгол Улсыг сонирхолтой нийгэм, бүтэцтэй хэмээн тодорхойлжээ. Учир нь хотын соёлд суралцаж хөгжсөн боловч үүний хажуугар нүүдэлчин соёл иргэншлээ алдагдуулаагүй гэдгийг онцлов. Тиймээс хотын болон нүүдэлчин соёлыг хослуулан хөгжиж буй Монгол оронд ирж, судалгаагаа явуулахаар шийдсэн хэмээн хэлж байлаа.
Тэдний дийлэнх нь монгол хэл шинжлэлийг сонирхдог. Үүний хажуугаар Монгол Улсын орчин үеийн нийгмийн хэв шинж, улс төрийн нөхцөлийг судлах сонирхолдоо хөтлөгджээ. Залуу судлаачид сургалтынхаа явцад малчны хотонд амьдарч, монгол ахуй, зан заншилтай танилцана. Улмаар Улаанбаатар хотод ирж Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухааны сургууль зэрэг түүх, соёл, урлаг, хэл шинжлэлийн чиглэлээр суралцаж, судлах юм байна.
Сүүлийн жилүүдэд монгол судлал эрчимтэй хөгжиж иржээ. Энэ нь эргээд Монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит мэдээллийг дэлхий ертөнцөд түгээж, гүүр болох томоохон ач холбогдолтой гэдгийг нээлтийн үеэр БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр онцолж байсан юм. Цаашид монгол судлалын тодорхой чиглэлүүдээр сонгон судлах хүсэлтэй гадаадын залууст магистрант, докторантад Монголын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах нөхцөлөөр хангахаар төлөвлөжээ.
ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД