Валютын ханш өссөнөөр эдийн засагт таагүй нөхцөл байдлыг бий болгож эхэллээ. Тухайлбал, иен өссөнтэй холбоотойгоор Prius-20 авто машины үнэ 500 мянгаас нэг сая төгрөгөөр нэмэгдээд байгаа юм.
Валютын ханш, импортын бараанаас хамааралтай манай улсын эдийн засагт өдөр ирэх тусам сөрөг үзүүлэлт илэрсээр байгаа бол дотоодын хэрэгцээгээ хангаж буй цөөхөн хэдхэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн талаар статистик үзүүлэлтийг хүргэж байна.
Мах
Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 6275 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь 7625 төгрөгийн ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 890 төгрөгөөр, үхрийн цул мах 550 төгрөгөөр нэмэгджээ. Үхрийн махны үнэ ханш “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Хархорин” захуудад хамгийн хямд буюу 1 кг 6500-7000 төгрөг байгаа бол “Меркури” хүнсний захад 10.000 төгрөг байна.
Хонины мах “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5300 төгрөгөөр борлуулагдаж байна. Харин “Меркури” хүнсний захад 8500 төгрөгөөр зарагдаж байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 13,9 хувиар буюу 765 төгрөгөөр өссөн бол хонины цул мах 0,6 хувиар буюу 40 төгрөгөөр буурсан байна.
Гурил
Энэ долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурил: Дээд- 1200-1500, нэгдүгээр зэргийнх 1000-1300, Хоёрдугаар зэргийнх 780-1000 төгрөг буюу тогтвортой байна.
Хүнсний ногоо
Наймдугаар сар гарсаар төмс, хүнсний ногооны үнэ буурчээ. 2016 оны 8-р сарын 1-р долоо хоногийн төмс хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 7.4 хувиар буюу 80 төгрөгөөр, монгол лууван 12.6 хувиар буюу 320 төгрөгөөр, монгол байцаа 16.9 хувиар буюу 250 төгрөгөөр, монгол манжин 21.6 хувиар буюу 690 төгрөгөөр тус тус буурсан байна.
Бөмбөгөр худалдааны төвд: төмс-700, байцаа-800, лууван 1000, сонгино 1500 төгрөгөөр борлуулагдаж байна.
Т.НОМИН