Бразилийн Рио-де-Жанейро хотноо наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд Зуны Олимпийн XXXI наадам болно. Энэ удаагийн наадамд Монголын 43 тамирчин, спортын 9 төрөлд өрсөлдөх билээ. Анх удаа олон тамирчинтай оролцож буй манай баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй Риог зорьсон.
Холбооны Бүгд Найрамдах Бразил улсад суугаа Элчин сайдын яамын Консул Маамбын Үнэнбат багийнханд менежер, орчуулагч гээд хэрэгтэй бүх зүйлд тусалж байгаа билээ. Түүнд Монгол Улсын Засгийн газрын шагнал Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан тэмдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь гардуулан өглөө.
Монголын талаас олимпийн тамирчид дээр очсон өндөр хэмжээний зочин нь саяхан ажлаа хүлээж авсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Бразил улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан нар байгаа юм.
Ж.Батсуурь сайд олимпийн нээлтийн ёслолд оролцож, жүдо бөх, буудлага, бокс, байт харваа зэрэг эхний өдрүүдэд болох тэмцээнийг үзэж сонирхон, наймдугаар сарын 8-нд Монгол руу буцах ажээ.
Ч.БОЛ