Ж.Гантөгс: Тайландын тамирчин хүчтэй өрсөлдөгч

Хуучирсан мэдээ: 2016.08.07-нд нийтлэгдсэн

Ж.Гантөгс: Тайландын тамирчин хүчтэй өрсөлдөгч

Жанцангийн ГАНТӨГС

  • 1972-04-12-нд төрсөн, Москва, ОХУ
  • Лондон-2012 олимпийн наадамд оролцсон
  • 2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн,Мөнгөн медаль
  • 2016,  Азийн цом,  Алтан медаль, Бангкок,  Тайланд
  • 2010,  Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн,  Алтан медаль

Рио-2016 олимпийн наадмын байт харвааны төрөлд өрсөлдөж буй ОУХМ Ж.Гантөгс наймдугаар сарын 8-нд буюу маргааш хасагдах шатны харваанд өрсөлдөнө. Түүнтэй урьдчилсан харвааны дараа уулзаж ярилцлаа.

-Эрэгтэйчүүдийн урьдчилсан харваа буюу чансаа тогтоох харваа наймдугаар сарын 5-ны өдөр болсон. Та Монголын тамирчдынхаа тэмцээний салхийг хагалж, нэр хүндтэйгээр тэмцээний гарааг эхлүүллээ. Онцолбол, эхний гурван зогсоолд та энэ төрөлд өрсөлдөж байгаа 64 тамирчныг тэргүүлж, нэгдүгээрт бичигдэж байлаа. Сэтгэгдлийг тань сонсъё.

-Өнөөдөр/08.05/ манай төрлийн урьдчилсан харваа боллоо. Тодруулж хэлбэл, нийт 64 харваачийн чансаа тогтоох харваа болсон гэсэн үг юм. Харвалтын дүнгээс дараагийн хасагдах шатны харваанд хэдэд жагсах, хэнтэй таарч халз харвах нь тодорхой болдог. Миний хувьд 664 оноогоор 24-рт бичигдлээ. Хасагдах шатанд урьдчилсан харваанд 41-т бичигдсэн Тайландын тамирчин Тамвонг Виттаятай наймдугаар сарын 8-нд халз харвана.

-Одоо энэ харваа их чухал. Тайландын тамирчинтай та өмнө нь таарч харваж байсан уу?

-Сайн мэднэ. Өмнөд Солонгосын дасгалжуулагчтай сүүлийн дөрөв, таван жил хамтарч ажиллаж байгаа тамирчин. Хүчтэй өрсөлдөгч. Бид хоёрын хувьд сүүлд олимпийн эрхийн тэмцээн дээр таарч харван, би ялж байсан.

-Урьдчилсан харваанд та эхний гурван харваа буюу 18 суманд тэргүүлж явсан боловч тав, зургаа дахь зогсоолд бага оноо авсан нь ерөнхий дүнд нөлөөллөө. Энд ямар алдаа гарав?

-Урьдчилсан харваанд тамирчид нэг харвахдаа зургаан сумаар 12 удаагийн цувралд нийт 72 сум харвасан. Эхний 18 сум сайн туссан ч дөрөв дэх зогсоолын буудлагаас салхины урсгал бага зэрэг өөрчлөгдсөнөөс болж, тооцоо алдагдлаа гэж үзэж байна. Салхитай үед сумны тусгал тарах  магадлал нэмэгддэг. Энэ үед алдаа гарлаа. Гэхдээ тэмцээн болж байгаа газрын салхины чиг баримжааг ерөнхийдөө барагцаалж, баримжаа авсан болохоор хасагдах шатанд тэр бүхнийг тооцоолж, тайван харвахыг чухалчилна.

-Цаг агаарын хувьд энд ерөнхийдөө ойрын өдрүүдэд ч сэрүүн, салхитай байх бололтой.

-Цаг агаарын хувьд ерөнхийдөө дажгүй сайхан байна. Гэхдээ эндхийнхээр бол хамгийн сэрүүн үе нь таарч байгаа болохоор бага зэргийн салхитай байгаа. Байт харваа нар, бороо, салхи гээд гадны нөлөөнөөс хамаардаг спорт. 70 метрийн зайнаас зургаан см-ийн радиустай байг онохын тулд маш өндөр хэмжээнд анхаарал төвлөрүүлэхээс гадна цаг агаарын байдлаа тамирчин өөрөө сайн тооцоолох нь чухал байдаг.

-Тав, зургадугаар зогсоол дээр гол алдаа гарчих шиг болсон?

-Эхний гурван зогсоолд маш тогтуун, сайн харваж, тэмцээнийг тэргүүлж байсан ч дөрөв дэх цувралаас салхины урсгал өөрчлөгдөхтэй зэрэгцэн алдаа гарлаа. Бид нарын хувьд салхины чигийг тугаар баримжаалдаг. Дөрөв дэх сум тавих үеэс салхи мэдэгдэж, тусгалд нөлөөлсөн байх гэж үзэж байна. Яг тав дахь харваанд тэр нь шууд нөлөөлчихлөө. Таван оноо алдсан. Үүнийг дараагийн харваагаар нөхөхөд хэцүү л дээ. Эн тэнцүү өрсөлдөөнд энэ бол бараг боломжгүй болчихдог.   

-Та Бразилд ирээд хэд хоног бэлтгэл хийв?

-Энд ирээд Монголын тамирчдыг байрлуулж байсан Бэлтгэлийн төв дээр зургаа хоног бэлтгэл хийсэн. Харин Риод ирж, тамирчдын тосгонд байрласнаас хойш гурав дахь өдрөө урьдчилсан харваагаа хийлээ.

-Урьдчилсан харвааны үеэр Өмнөд Солонгосын тамирчин Ким Ву Жин 700 оноо авч, дэлхийн рекорд тогтоолоо. Яг таны хажуугийн байнд харваж таарчээ.

-Ким Ву Жины хувьд Лондонд явж чадаагүй. Харин энэ удаа шигшээ багтаа эргэн ирж, рекорд эвдлээ. Ким Ву Жин маш өндөр рейтингтэй тамирчин л даа. Азийн рекорд, дэлхийн рекорд гээд олон дээд амжилт бий.

-Таны хувьд улсын рекорд эзэмшдэг байх аа?

-Улсын рекордыг анх 669 оноогоор тогтоож байсан.  2016 оны Шанхайн дэлхийн цомын тэмцээнд 670 болгож, дараа нь саяхан Улаанбаатарын тэмцээн дээр 675 болгож, шинэчилсэн.

-Та байт харваагаар хэдэн жил хичээллэж байгаа вэ?

-2009 оны 10 сараас тууштай хичээллэж байна. Өмнө нь бол сонирхогчийн түвшинд хичээллэдэг байсан. Одоо бол зуун хувь цаг хугацаа, бэлтгэл сургуулилтаа байтдаа зарцуулна. Хоёр дахь олимпийн наадамдаа оролцож байна.

-Одоо хасагдах шатны харваанд ямар журмаар харвахыг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Гурван сумаар харвана. Хэн илүү өндөр оноо авсныг нь 2 оноогоор, тэнцвэл нэг оноогоор дүгнэнэ. Ингээд хэн түрүүлж 6 оноо авсан нь ялагч болдог журамтай. Ерөнхийдөө 4-5 удаа зогсоол хийж харвах болов уу.

-Баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье.

Б.Бадамгарав /Рио-Де-Жанейро, Тамирчдын тосгон/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж