Арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Даншгийн Аварга цол хүртэв

Хуучирсан мэдээ: 2016.08.08-нд нийтлэгдсэн

Арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Даншгийн Аварга цол хүртэв

“Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин соёлын наадам наймдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдлаа. Хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын Арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Даншгийн Аварга цол хүртлээ. Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн даншгийн заан цолтой болов. Харин шөвгийн дөрөвт Булган аймгийн харьяат улсын заан М.Өсөхбаяр, аймгийн заан Ч.Эрдэнэсайхан нар шалгарч даншгийн өсөх идэр начин цолтон боллоо.

Даншиг наадам өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулагдсан. Анхны наадамд Р.Пүрэвдагва түрүүлж, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж байв. Энэ наадамд ам авдаггүй бөгөөд бүх бөхчүүд сугалаагаар барилддаг онцлогтойгоос гадна Монголын үндэсний бөхийн холбоо бус Улаанбаатар хотын захиргаанаас зохион явуулдаг юм.

"ДАНШИГ-2016" НААДМЫН ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮД:

  • Даншгийн аварга /Түрүүлсэн/: Р.Пүрэвдагва /Улсын арслан/
  • Даншгийн заан /Үзүүрлэсэн/: Б.Түмэндэмбэрэл /Аймгийн заан/
  • Даншгийн өсөх идэр начин: М.Өсөхбаяр /Улсын заан/, Ч.Эрдэнэсайхан /Аймгийн заан/

Өнгөрсөн онд Хүй мандлын дэвжээнд хурсан олон болон цэнхэр дэлгэцээрээ хүлээн авч үзсэн олон зуун бөх сонирхогчдыг өндөлзүүлсэн Р.Пүрэвдагва /тухайн үед улсын начин цолтой байсан/ түрүүлж, 3авхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба /улсын гарьд/ үзүүрлэсэн юм. Тэгвэл энэ жил Р.Пүрэвдагва дахин түрүүлж, Даншгийн Аварга цолыг хүртлээ.

Улсын арслан, Даншгийн Аварга Р.Пүрэвдагва энэ жил бэлтгэл сайтай байгаагаа дахин харуулж, цолоо ахиулж, өнгөтэй байгаагаа харууллаа.

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадамд зодоглосон 1024 бөх барилдахад Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Улсын аварга, Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын начин Р.Пүрэвдагва үзүүрлэж, Улсын арслан цолыг хүртсэн.

"ДАНШИГ-2015" НААДМЫН ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮД:

  • Даншгийн арслан /Түрүүлсэн/: Р.Пүрэвдагва /Улсын арслан/
  • Даншгийн заан /Үзүүрлэсэн/: Б.Гончигдамба /Улсын гарьд/
  • Даншгийн начин: Ц.Содномдорж /Улсын харцага/, Б.Пүрэвсайхан /Улсын начин/, Э.Энхбат /Улсын начин/, Бо.Батжаргал /Улсын начин, О.Хангай /Аймгийн арслан/, Д.Амарсайхан /Аймгийн арслан/

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж