Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам нээлтээ хийлээ. Алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэнд болсон олимпийн наадмын нээлтийн ажиллагаа Улаанбаатарын цагаар бямба гаригийн өглөө болсон.
“Рио 2016” наадмын эхний өдөр буудлага, жүдо бөхийн төрлүүдээс олимпийн медальтнууд тодорлоо. Манай тамирчдын гол амжилт гаргадаг эдгээр төрлүүдэд гурван тамирчин өрсөлдсөн ч медальд хүрч чадсангүй.
Буудлагын хийн урт бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд Монголын тамирчин Г.Нандинзаяа цэц сорьж, урьдчилсан буудлагад 14-р байр эзэллээ. Энэ дасгалд АНУ-ын 19 настай тамирчин Вержиниа Трайшир хүртсэн бол олимп, дэлхийн аварга БНХАУ-ын Ду Ли, олимпийн аварга И Сылин нар мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Эдгээр тамирчдын хувьд Риогийн олимпийн анхны медалийн эзэд болсон. Тэр дундаа олимп, дэлхийн аваргуудыг ардаа хийсэн АНУ-ын залуу буудагч нэгэн түүх бичлээ.
Г.Нандинзаяа наймдугаар сарын 11-нд урт бууны дасгалд цэц сорино.
Манай баг тамирчдын гол амжилт үзүүлдэг жүдо бөхийн төрөл эхний өдөр өрсөлдөөн дүүрэн байлаа. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын медальтнууд тодорсон.
60 КГ: /35 тамирчин/
Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемалын Ромас Жозе, Финландын Рэинвалл нарыг хожин шөвгийн 16-д үлдсэн юм. Тэрбээр шөвгийн наймын хариуцлагатай барилдаанд БНСУ-ын бөх Ким Вон Жунд вазари үнэлгээгээр ялагдан тэмцээнээ дуусгасан.
Энэ жинд ОХУ-ын Беслан Мудранов аваргын алтан медаль хүртсэн бол Казахстаны Смэтов Юлдос мөнгө, Японы Такато, Узбекстаны Д.Урозвоев нар хүрэл дээр буулаа. Манай бөхийг ялсан Ким Жун цааш барилдсан ч медальд хүрч чадаагүй юм.
48 КГ:
Энэ жингийн "А" хэсгийг тэргүүлэн барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг шагналт V байр эзэлсэн. Тэрээр эхний тойрогт хийлж, Францын Паует Лаэтитиаг ялан шөвгийн 16-д үлдсэн ч зооны аваргын барилдаанд БНСУ-ын Жон Бу Гёнд ялагдсан. Дагах барилдаанд эзэн орны бөх, 2012 оны олимпийн аварга Минезс Сараг нэмэлт цагт ялан хүрлийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Манай бөх Японы Кондо Амитай барилдаж, цаг дуусах мөчид юүко үнэлгээ алдан харамсалтайгаар ялагдлаа.
Энэ жингийн аваргын алтан медалийг Аргентиний алдарт бөх Паула Парето хүртсэн бол БНСУ-ын Жон Бу Гён мөнгө, Казахстаны Г.Отгонцэцэг, Японы Ами Кондо хүрэл медаль дээр буусан.
Жүдо бөхийн тэмцээний эхний өдөр ОХУ, Аргентин нэг алтан медаль хүртсэн бол Казахстан нэг мөнгө, нэг хүрэл, БНСУ нэг мөнгө, Япон хоёр хүрэл, Узбекстан нэг хүрэл медалийг авлаа.
Олимпийн наадмын 2 дахь өдөр буюу өнөө шөнө Монголын багаас буудлага, хүндийн өргөлт, бокс болон жүдо бөхийн төрлүүдэд өрсөлдөнө.
Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд өнөөдөр зургаа дахь олимпийн наадамдаа оролцож буй Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар цэц сорино. Тэмцээн орон нутгийн цагаар 09:00 цагт, Монголын цагаар оройн 21:00 цагаас эхэлж, тамирчид гал нээнэ.
Энэ өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Монголын жүдочдоос Д.Төмөрхүлэг, А.Цолмон нар дээрх жин өрсөлдөнө. Тэмцээн орон нутгийн цагаар 10:00, Монголын цагаар 22:00 цагаас эхэлнэ.
Мөн 69 кг-д хүч үзэх Б.Түвшинбатын тулаан Риогийн 12:00 цагаас буюу Улаанбаатарын цагаар 00:00 цагаас болно.
Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 56 кг-ийн жинд залуу тамирчин Ө.Чагнаадорж өрсөлдөнө. Оросын тамирчин допингийн эсрэг зөрчил гаргасан тул хэдхэн хоногийн өмнө Риод ирэх үүрэг хүлээсэн Ө.Чагнаадорж өнөөдөр олимпийн наадамд өрсөлдөх гэж байна.
Ийнхүү Риогийн тэмцээний хоёр дахь өдөр манай голлох төрлийн тэмцээнүүд явагдана. Олимпийн наадмыг МҮОНРТ шууд дамжуулан үзүүлж байна.
Ч.БОЛОР