Олимп эзэн орондоо ашигтай юу?

Хуучирсан мэдээ: 2016.08.08-нд нийтлэгдсэн

Олимп эзэн орондоо ашигтай юу?

Рио-де-Жанейрогийн олимп асар их дуулиан дунд үргэлжилж байна. Зөвхөн сэргээшийн асуудал биш, Бразильд энэ наадам нь зөвхөн асуудал ба хохирлыг авчирч байна гэж олон хүн үзэж байгаа юм.

Баасан гаригт Рио-де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадам нээлтээ хийсэн. Шинжээчдийн тооцоогоор энэ наадам дэлхийн хамгийн өндөр зарлагатай 10 олимпийн нэг болох гэнэ. Зохион байгуулагчид нь аль болох хэмнэлттэй байхыг хичээсэн ч олон арван тэрбумын зарлага өвлүүлж буй аж.

Зарчмын хувьд олимп зохион байгуулж байгаа орон бүрийг дэмий их мөнгө үрлээ гэж шүүмжлэх хүмүүс хангалттай байдаг. Мөнгийг өөр зорилгоор ашиглах хэрэгтэй гэдэг.

Риод эсэргүүцэл гаргагчид, Олимп-2016 нь бусдаас огт өөр гэж байгаа. Засгийн газар нь олимпийн зардлаа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хөтөлбөрт зориулагдсан мөнгөнөөс авч байна гэж тэд хэлдэг. Тэгж байж л бэлтгэлээ хийсэн гэж тэд эсэргүүцээд хэдхэн хоногийн дараа эдгээр асар том байр сав, талбай ашиггүй болно гэцгээв.

Бразиль улс 2009 онд эдийн засаг нь сайн байхад итгэлтэй танилцуулга хийхээр хичээсэн юм. Улс орон нь зогсонги байдлаас гарч 2010 онд эдийн засаг нь 7,5 хувийн өсөлтийг харуулж, хөрөнгийн зах зээл нь долларын үзүүлэлтээр 145 хувийн өсөлттэй байлаа. Инфляци нь зорилгот төвшнөө барьж байсан юм.

Одоо Бразиль 1930 оноос хойших хамгийн муу уналттай үедээ байгаа. Инфляци нь өндөр төвшинд. Улс төрийн тодорхойгүй байдал нь авлига ба Дилма Руссефийн импичментын асуудлаар улам муудаад байгаа.

Тус оронд тээврийн дэд бүтэц, ус сувгийн байдал, спортын дэд бүтэц нь томоохон спортын арга хэмжээ явуулах шаардлагыг хангахгүй байгаа. Мөн теле шуудангийн бүтэц ч олигтой биш байна хэмээн CNBC бичив. Олон жилийн бэлтгэл хийгдсэн ч ийм л байна.

Бразилийн засгийн газар өнгөрсөн зургадугаар сард Рио хотод дэд бүтцийг бэлтгэх ба аюулгүй байдлын арга хэмжээ авахад нь 850 сая долларын зээл олгохыг зөвшөөрсөн юм. Эдийн засгийн онцгой байдал зарласан энэ цагт тэр нь зайлшгүй шаардлагатай байлаа.

Эдгээр тооцоогоор Рио ийм зарлагаас тийм сайн ашиг авахгүй бололтойв

Эндрю Зимбалист гэдэг хүний бичсэн “Circus Maximus: The Economic Gamble Behind Hosting the Olympics and the World Cup” номонд өгүүлснээр, олимпийг хүлээн авч байгаа хотууд богино ба урт хугацааны ирээдүйд жуулчлалын урсгал, хөрөнгө оруулалтыг аваагүй ажээ.

Афинд 1896 оны Олимп явагдсаны 100 жилийн ойн тоглолтыг 2004 онд явуулахдаа түүний зарлагыг анхныхаас нь 200000%-иар нэмсэн байлаа. 1896 онд тоглолт дөнгөж 10 сая доллараар зохион байгуулагджээ. Гэтэл 1936 оны Берлины олимпийн зардал 1,7 тэрбум доллар хүрсэн байлаа. Харин 1948 оны Лондоны олимп 30 сая доллараар босчээ.

1976 оны зуны олимп Монреаль хотыг бараг хоосруулав. $1,5 тэрбум зарлагдсан хот спортын тэр цэнгээний дараа 30 жилийн турш эдийн засгаа цэгцэлж иржээ. Алдаан дээр суралцдаг. Тиймээс ч Лос-Анжелесийн дарга нар 1984 оны олимпийг 320 сая доллараар явуулаад бас ч үгүй ашиг олсон байв.

Гэлээ ч дараа нь зардал мөн л өссөн юм. Барселона-1992 тоглолт $7 тэрбумаар, Афин-2004 нь $11 тэрбумаар, Лондон-2012 нь $14,8 тэрбумаар, Сочи-2014 нь $51 тэрбумаар нэмэгдсэн байв.

Рио Олимпод 12 тэрбумыг зарцуулсан ба эцсийн үнэ нь 20 тэрбум хүртэл өсч магадгүй.

University of Oxford's Said Business School байгууллагын мэдээний дагуу 1960 оноос 2016 онуудын хооронд зарлагын бодит үнэлгээ нь ашгаасаа 156 хувиар давжээ Хамгийн их зарлага 1976 онд Монреальд 720 хувийн төвшинд бүртгэгдсэн байлаа. Далаа нь Барселона 266 хувь гэсэн үзүүлэлтээр шалгарчээ.

ОУОХ-ны монополчлол нь хотуудыг бусад өрсөлдөгч нараасаа даван гарахын тулд зүгээр л зардлаа нэмэн даналзахад хүргэж байна гэж шинжээчид хэлээд байгаа билээ. Системийг бүрдүүлэх нэг арга нь хоршооллын ивээн тэтгэгчдийн зүгээс авч болох боломж юм. Тэд л мөнгөө өгөөд тоглолтыг хаана явуулахыг шийдэх ёстой.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж