Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Энэ удаагийн наадамд манай улсаас 43 тамирчин спортын 9 төрөлд өрсөлдөхөөр өргөн бүрэлдэхүүнтэй Риог зорьсон.
Тэмцээний хоёр дахь өдөр жүдо бөх, буудлага, бокс болон хүндийн өргөлтийн төрөлд Монголын баг тамирчид өрсөлдөө. Хоёр өдрийн тоймоос хүргэж байна.
БУУДЛАГА:
Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд зургаа дахь олимпийн наадамдаа оролцож буй Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар цэц сорилоо.
Энэ дасгалд 33 орны 44 тамирчин өрсөлдсөнөөс О.Гүндэгмаа гавьяат 379, Ц.Мөнхзул 378 оноо авч шигшээ буудлагад өрсөлдөх эрхийг авч чадаагүй юм. Гэхдээ манай мэргэн буудагчдын тэмцээн үүгээр дуусахгүй. Наймдугаар сарын 9-ний өдөр спорт гар бууны 25 метрийн дасгал бий. Энэ нь О.Гүндэгмаагийн үндсэн төрөл бөгөөд Ц.Мөнхзул ч амжилт үзүүлэх боломжтой.
БОКС:
Манай зургаан боксчин Риод өрсөлдөж байна. Боксын тэмцээн нээлт болсон өдрөөс эхлэн явагдсан. Г.Ган-Эрдэнэ, Д.Отгондалай нар шууд 16-д үлдээд байсан болохоор боксчид тулалдаж эхлээгүй байлаа. Тэгвэл эрэгтэйчүүдийн 69 кг-д Б.Түвшинбат боксчдын салхийг хагаллаа. Тэрбээр Аргентиний Алберто Палмэттаг илүүрхэн хожиж, шөвгийн 16-д үлдлээ. Ийнхүү одоогоор манай гурван боксчин хоёрдугаар тойрогт үлдээд байна.
49 кг-д Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт хийлсэн. Тэрээр шөвгийн наймд үлдэх эрхийн тулаанаа наймдугаар сарын 8-д хийнэ.
60 кг-д Дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Д.Отгондалайгийн хувьд эхний тойрогт хийлж, шилдэг 16-д үлдээд байна. Түүний дараагийн тулаан наймдугаар сарын 9-ний өдөр болно. Тэрээр Нидерланд, Тайваны боксчдын аль хожсонтой нь шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө тоглоно.
52 кг: Х.Энх-Амар эхний тойрогт Мексикийн Эмигдио Абарсатай тулалдана. Энэхүү тулаан наймдугаар сарын 13-ны өдөр болно.
56 кг: Э.Цэндбаатар Кенийн Нжангури Бэнсон Гичаритой наймдугаар сарын 10-ны өдөр тулалдана.
64 кг: Б.Чинзориг Катарын Тарумалингамтай Туласитай наймдугаар сарын 10-ны өдөр тулалдана.
69 кг: Б.Түвшинбат Аргентиний Палмэтта Албертотой эхний тойрогт яллаа.
ХҮНДИЙН ӨРГӨЛТ:
Энэ жил 19 настай залуу тамирчин Ө.Чагнаадорж Риогийн наадамд оролцлоо. Тэрбээр эрэгтэйчүүдийн 56 кг-д “В” хэсэгт өрсөлдсөн. Манай тамирчин огцом өргөлтөөр 103 кг-ыг захиалсан ч гурван оролдлогоороо өргөж чадаагүй учраас түлхэлттэй өргөлтийг хийгээгүй.
Залуу тамирчин Ө.Чагнаадоржийн хувьд Монголын багийн 43 дахь тамирчинаар Риод оролцлоо. Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос долдугаар сарын 30-д олгосон нэг эрхийн дагуу тэрбээр Бразилд яаралтай ирсэн юм. Ирэх 11 сард Азийн залуучуудын аваргад оролцохоор хөнгөн бэлтгэлтэй байсан Ө.Чагнаадоржийн хувьд гэнэтийн зүйл болсон бөгөөд дасгалжуулагч Д.Чинзоригийн хамт Рио-2016-д оролцлоо.
Монгол Улсын аварга, насанд хүрэгчдийн Азийн аваргын VIII байрын эзэн Ө.Чагнаадоржийн хувьд ирээдүйтэй тамирчин юм.
ЖҮДО БӨХ:
Энэ удаагийн наадмын жүдо бөхийн төрөлд дэлхийн 136 орны жүдочид өрсөлдөж байна. Манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 6 жүдоч эрхээ аван оролцож буй. Тэмцээний хоёр дахь эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын барилдаан болж, медальтнууд тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 22 орны бөх барилдсанаас А.Цолмон "D" хэсэгт багтсан. Тэрбээр эхний тойрогт АНУ-ын Анжелиса Делгадог ялж, шөвгийн 16-д үлдсэн ч Японы алдарт бөх Мисато Накамүрад ялагдан тэмцээнээ дуусгалаа. Дэлхийн гурван удаагийн аварга, "Бээжин-2008" олимпийн наадмын хүрэл медальт Накамүра хүрэл медалийн төлөө барилдах юм.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг VII байр эзэллээ. Энэ нь тэмцээний хоёр дахь өдөр оролцсон манай баг тамирчдын маань хамгийн өндөр амжилт байлаа.
Энэ жинд нийт 34 орны бөх барилдаж, Д.Төмөрхүлэг "С" хэсгийг тэргүүлэн барилдсан. Тэрээр Саудын Арабын Сулейман Хамад, Алжирын Зурдани Худ нарыг дараалан цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Фабио Басилед дийлдсэн. Улмаар дагах барилдаанд Канадын А.Бучардад вазари үнэлгээ алдан ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.
Ийнхүү Риогийн наадам дөнгөж эхлээд хоёр хонож байна. Манай тамирчдыг олон тэмцээн хүлээж байна.
Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөө шөнө манай баг тамирчдаас жүдо бөх, бокс болон байт харвааны төрөлд өрсөлдөнө.
Боксын 49 кг-д Г.Ган-Эрдэнэ шөвгийн наймын тулаанаа хийнэ. Мөн байт харвааны тамрчин Ж.Гантөгс хасагдах шатны тэмцээнд өрсөлдөнө.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Г.Одбаяр, Д.Сумъяа нар өрсөлдөнө.
"Рио 2016" олимпийн наадмын гурав дахь өдрийн тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 21.00 цагаас эхлэн явагдана.
Ч.БОЛОР