Ө.Чагнаадорж Риогийн наадамд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2016.08.08-нд нийтлэгдсэн

Ө.Чагнаадорж Риогийн наадамд оролцлоо

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 56 кг-д залуу тамирчин Ө.Чагнаадорж өрсөлдлөө. Түүний хувьд “В” хэсэгт орсон. Тэрээр огцом өргөлтөөр 103 кг-ыг захилсан ч гурван оролдлогоороо өргөж чадаагүй байна. Энэ хэсэгт нийт 9 тамирчин өрсөлдлөө.

Ө.Чагнаадорж 2016 оны Азийн аваргад огцомоор 110 кг, түлхэлтээр 140 кг-ыг өргөж, VIII байр эзэлж байсан бөгөөд энэ удаагийн наадамд бэлтгэл муутай оролцлоо. Учир нь энэ жил 12-р ангиа дүүргэсэн түүний хувьд өнгөрөгч дөрөвдүгээр сард Азийн аваргад оролцсоноос хойш эрчимтэй бэлтгэл хийгээгүй байна. Ирэх 11 сард Японд болох Азийн залуучуудын аваргад оролцохоор бэлтгэлтэй байсан түүний хувьд Рио-2016-д оролцох урилга долдугаар сарын 30-ны өдөр ирсэн. Дасгалжуулагч Д.Чинзоригийн удирдлагад бэлтгэлээ хийдэг түүний хувьд хөнгөн бэлтгэлтэй үе нь таарсан нь энэ байлаа. Гэхдээ 19 настай Ө.Чагнаадоржийг цаашид олон тэмцээн хүлээж байна. Хүндийн өргөлтийн спортоор хичээллээд гурван жил болж байгаа түүнийг маш ирээдүйтэй тамирчин гэгддэг.

Энэ жил 19 настай Өсөхбаярын Чагнаадорж “Рио-2016” олимпийн наадамд оролцож буй Монголын 43 дахь тамирчин болсон. Олон улсын хүндийн өргөлтийн холбоо/IWF/-ны Удирдах зөвлөлөөс ОХУ-ын хүндийн өргөлтийн холбоог Риогийн олимпод оролцуулахаас татгалзсан шийдвэр гаргасан. Тиймээс Албани, Гүрж, Македон, Белги, Хорват, Монгол зэрэг оронд нэмэлт нэг эрхийг өгсөн юм.

Монголын Хүндийн өргөлтийн холбооноос эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд өрсөлддөг ОУХМ Ө.Чагнаадоржийг Олимпийн наадамд явуулахаар болсон юм. Долдугаар сарын 30-ны өдөр энэхүү хариу Риогоос ирсэн тул манай тамирчин багш Д.Чинзоригийн хамт яаралтай нислэгийг хийжээ.

Энэ жил 19 настай Ө.Чагнаадорж 2015 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д 25 байр эзэлсэн бол энэ жилийн Азийн аваргад VIII байр эзэлсэн.

Монголчуудаас хамгийн сүүлд 1996 оны Атлантагийн олимпод Ц.Хосбаяр 108 кг-д өрсөлдөх эрхтэй болсон ч гэмтлийн улмаас оролцож чадаагүй билээ. Тэгвэл түүнээс хойш 20 жилийн дараа анх удаа эрэгтэй туйванч олимпод өрсөлдлөө. 

Гэхдээ Ц.Хосбаяр "Рио 2016"-д шавь М.Анхцэцэгийн хамт ирээд байна. Эмэгтэйчүүдийн 69 кг-д өрсөлдөх Азийн аварга, Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт М.Анхцэцэг наймдугаар сарын 10-ны өдөр өрсөлдөнө.

ОЛИМПОД ОРОЛЦСОН ЭРЭГТЭЙ ТУЙВАНЧИД:

  • Мюнхен 1972 – З.Далхжав, С.Доржханд, Р.Амгаасэд, Н.Сэр-Од
  • Москва 1980 – А.Жүгдэрнамжил, Д.Энхбаатар, Д.Болдбаяр
  • Барселона 1992 – Н.Батжаргал, Г.Энэбиш 
  • Атланта 1996 – Ц.Хосбаяр
  • Рио 2016 – Ө.Чагнаадорж

Холбоотой мэдээлэл:

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж