Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2016.08.08-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үү?

Эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч ипотекийн зээлийг зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргаж магадгүй гэх болгоомжлол нийгэмд үүссэн ч Ерөнхий сайдаас Барилга хот байгуулалтын сайдад өгсөн даалгавраар бол ипотекийн зээлийг иргэдэд хүртээмжтэй байдлаар үргэлжлүүлэх гарц гаргалгааг гаргах болж, салхи эргэлээ.

Өмнөх Засгийн газрын үед баталсан журмаар ипотекийн зээлд хамрагдах иргэн нь худалдан авах байрныхаа 30 хувийг урьдчилан төлсөн байх ёстой. Гэтэл өнөөдөр ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн дийлэнх хувь нь урьдчилгаа 30 хувь төлөх боломжгүй байна. Мөн 80м2-аас дээш талбайтай байрыг ипотекийн зээлд хамруулахыг хүлээж суугаа иргэд олон бий.

Ийм нөхцөлд шинэ Засгийн газар зээлийн журмын нөхцөлийг өөрчлөх шаардлага тулгарч байгаа.

Жилийн найман хувийн хүүтэй олгогддог ипотекийн зээл зогсвол орон сууцны үнэ буурах хэдий ч бэлнээр төлбөрөө хийгээд байртай болох хүн цөөн. Харин ипотекийн зээл зогсолтгүй үргэлжилбэл хэдэн мянгаар нь байртай болгох боломж байгааг өнгөрсөн гурван жилийн үйл явдал бэлхнээ харуулна. Зах зээлд өнөөдөр 40 мянга орчим орон сууц баригдан эзнээ хүлээж байгаа нь, мөн 80 мянган айл өрх байртай болсон нь ипотекийн зээлийг хэрэгжүүлсний үр дүн юм. Цаашлаад Нийгмийн даатгалын сангийн орлого арвижсан нь иргэд орлогоо үнэн зөвөөр бодитой мэдээлж, ипотекийн зээлд хамрагдсаны бас нэгэн илэрхийлэл болж буй. Цаг хугацаандаа багтаан зээлээ төлөхийн төлөө мянга, мянган залуус хөдөлмөрлөж байна.

Харин одоо ипотекийн зээлийг яаж үргэлжлүүлэх вэ?. Өмнөх Засгийн газрын үед баталсан журмаар ипотекийн зээлд хамрагдах иргэн нь худалдан авах байрныхаа 30 хувийг урьдчилан төлсөн байх ёстой. Гэтэл өнөөдөр ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн дийлэнх хувь нь урьдчилгаа 30 хувь төлөх боломжгүй байна. Мөн 80м2-аас дээш талбайтай байрыг ипотекийн зээлд хамруулахыг хүлээж суугаа иргэд олон бий.

Ийм нөхцөлд шинэ Засгийн газар зээлийн журмын нөхцөлийг өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Тодруулж хэлбэл, урьдчилгааг бууруулах, мөн 80 м2-аас дээш талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулах гэх мэтчлэн нөхцөлийг хөнгөвчлөх арга хэмжээг хэрэгжүүлж болох талтай. Гол нь дээрх өөрчлөлт хийсэн нөхцөлд эргээд эдийн засагт ирэх хүндрэл юу байх вэ гэдгийг зөв тооцох шаардлагатай болж буй.

Эдийн засаг хүндхэн байгаагаас орон сууцны борлуулалт буурсан. “Тэнхлэг зууч” компанийн мэдээлснээр өнгөрсөн зургадугаар сард нийслэлд байршилтай орон сууцны дундаж үнэ өмнөх сараас 1.1 хувиар буурсан бол сүүлийн нэг жилийн хугацаанд 10.3 хувиар буурсан гэх статистик мэдээллийг гаргаад байгаа. Мөн өнгөрсөн долоо хоногт “Мишээл экспо” төвд нээгдсэн “Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа” арга хэмжээнд оролцсон барилгын компаниуд байрны үнэ буурсан гэдгийг тодотгосон. Орон сууцны дундаж үнэ 1м2 нь 1.7 сая төгрөг болжээ. Дээр нь урьдчилгаа төлбөрөө 30 хувиар хийхийг шаарддаг байсан барилгын компаниуд нөхцөлөө хөнгөвчилж 10 хувь болгож бууруулсан байна. Гэвч ипотекийн зээлийн журам өөрчлөгдөөгүй нөхцөлд урьдчилгаа төлбөрийг 10 хувиар барилгын компанидаа тушаасан байлаа гэхэд иргэд банкинд очоод жилийн найман хувийн хүүтэй зээлд хамрагдах бололцоогүй.

Эдийн засагчдын зүгээс ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөвчилбөл эрсдэл өндөрсөнө гэж тайлбарладаг. Учир нь урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээ хэдий өндөр байна тэр хэрээр зээлдэгчээ эрсдэлээс хамгаалж чадна. Хэрвээ урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээ буурвал эрсдэлийн хэмжээ өндөрсөнө. Нэг үгээр хэлбэл, урьдчилгаа 30 хувийг 10 хувиар буурууллаа гэхэд сар тутамд төлөх зээлийн төлбөрт ачаалал өгч эрсдэлийг илүү өндөр болгох болж байгаа юм. Цаашлаад зээлдэгч цаг хугацаандаа багтаан зээлээ төлөх боломжгүйд хүрч байраа банкинд алдаж болзошгүй.

2008-2009 онд бий болсон дэлхий дахиныг хамарсан санхүү эдийн засгийн хямрал нь моргейжийн зээлээс үүдэлтэй байдаг. Урьдчилгаа төлбөрт ач холбогдол өгөлгүй босгыг нь бууруулснаас банкны салбараа эрсдэлд оруулсныг дэлхий дахин анхааруулдаг.

Монгол Улсын хувьд эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч чанаргүй зээлийн хэмжээ өмнөх жилийнхээс өссөн гэсэн дүн мэдээг Үндэсний статистикийн хорооноос өгч байгаа ч ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн хувьд энэ ангилалд тун бага хувь эзэлж буй. Энэ нь урьдчилгааг 30 хувиар тогтоосонтой холбоотой болов уу. Иймээс Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шийдвэр гаргах нөхцөлд урьдчилгааг хөдөлгөх үү гэдэг дээр тун нарийн судалгаа хийж, хөдлөхгүй бол чанаргүй зээлийн хэмжээг өсгөх аюул хүлээж байгаа.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж