Авлигатай тэмцэх газрын /АТГ/ 30 гаруй ажилтан өнөөдөр Монгол ардын хувьсгалт намын /МАХН/ байранд очсон юм. АТГ-ын мэдээлж буйгаар өмгөөлөгчийн хамтаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан хэмээн АТГ-ын төлөөлөгч манай сурвалжлагчид мэдээллээ. АТГ-ын ажилтнууд МАХН-ын байранд орж, орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан. МАХН-ын гишүүд болох УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ тэргүүтэй хүмүүс очсон ч оруулаагүй. АТГ энэ үйлдлийнхээ албан ёсны тайлбарыг удахгүй хийнэ гэлээ.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-АТГ-аас танд өмгөөлөгч санал болгож, яллагдагчаар татах гэж ирсэн гэж мэдээлээд байгаа?
-Мэдээж намайг баривчлах гэж ирсэн. Өмгөөлөгч гэж тагнуул хүн авчирч миний эрхийг зөрчиж, бичиг цаасаа өөрсдийн дур сонирхлоороо бөглөчихөөд явах гэж ирсэн. Тэгээд хэвлэл мэдээллийнхэн цугларсан учраас энэ удаад өнгөрөөсөн. “Орж болохгүй байна, орж болохгүй байна” гээд хоорондоо яриад байсан. Баривчлах машинаа оруулах гээд байхгүй юу. Аягүй бол шөнө дөлөөр, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн байхгүй үед ирж баривчлах байх. Би энэ олон камер руу сүүлийн удаа харж байж ч магадгүй. Монголчууд минь эрх чөлөөнийхөө төлөө тэмц.
-Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбогдуулан таныг баривчлах гэсэн гэх мэдээ ч байна?
-Мэдээж. Би “Та нар яагаад мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулахгүй шүү” гэж гарын үсэг авдаг мөртлөө яагаад телевизээр Г.Шийлэгдамба хаа хамаагүй юм яриад сууж байгаа юм бэ гэж асуусан. Гэтэл “Бид телевизийг мэдэхгүй” гэж АТГ-ынхан хэлж байгаа юм. Хоёр гурван хоногийн өмнө битгий хэл цагийн өмнө зарласан ч АТГ-ынхан тэрийг таслан зогсоож чадна. Гэтэл тэгээгүй. Г.Шийлэгдамба телевизийн ярилцлагад ороод “Н.Энхбаяр дарга намайг дарамталсан” гэх ярилцлага өгөөд гүжирдэж байна. Би Г.Шийлэгдамбаас хувьдаа нэг ч төгрөг авч үзээгүй. Гэтэл би түүнээс мөнгө авсан юм шиг, намайг Г.Шийлэгдамбын хийсэн ажилтай хамаатуулж байна. Тэр мөнгө нь 50 мянган ам.доллар гэж байгаа юм. Тэр надад ямар ч хамаагүй. Орон нутгийн сонгууль болох гэж байна. Тэгэхээр МАН-ынхан сонгуулийг бодоод хууль хяналтын байгууллагад даалгавар өгч ийм зүйл хийж байна.
Б.ЗАЯА
Гэрэл зургийг: Ц.АРИУНБОЛД