Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам хоёр дахь өдрөө жүдо бөхийн төрлөөр үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Энэ цагт жүдо бөхийн тэмцээн эхэлсэн.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 22 орны бөх барилдаж байна. А.Цолмон "D" хэсэгт багтсан. Тэрбээр эхний тойрогт АНУ-ын Анжелиса Делгадог ялж, шөвгийн 16-д үлдсэн. Манай бөх шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Японы алдарт бөх Мисато Накамүратай барилдсан ч ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Мисато Накамүрагийн хувьд 2009, 2011, 2015 оны дэлхийн аваргад түрүүлж, "Бээжин-2008" олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр энэ жил 27 настай.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын "C" хэсгийг Д.Төмөрхүлэг тэргүүлсэн. Тэрээр эхний тойрогт Саудын Арабын Сулейман Хамадыг цэвэр ялж, шөвгийн 16-д үлдээд байна. Түүний дараагийн учраа Алжирын бөх Зурдани Худ юм.
Гэрэл зургийг А.ТҮМЭНБАЯР
Ч.БОЛОР