Рио-2016: Өнөөдөр барилдах хоёр жүдоч хэрхэн сугалаа татав

Хуучирсан мэдээ: 2016.08.06-нд нийтлэгдсэн

Рио-2016: Өнөөдөр барилдах хоёр жүдоч хэрхэн сугалаа татав

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадмын жүдогийн тэмцээн эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай жүдочид хэрхэн сугалаа татсаныг хүргэж байна.

Мөнхбатын Уранцэцэг

"Рио-2016" олимпийн наадмын эхний өдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат "Хүч" спорт хороо "Женко" клуб, МУ-ын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хүч үзнэ. 2013 оны Рио-де-Жанейрогийн дэлхийн аварга тэрбээр Риогийн олимпод 48 кг-ын жингээ тэргүүлэн барилдах бөгөөд А хэсэгт хуваарилагдсан. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Австрали, Францын бөхчүүдийн ялсантай учраа таарна. Францын жүдочын хувьд өнгөрсөн жил манай "Чингис Хаан Гран При-2015" тэмцээнд түрүүлсэн билээ. Түүнтэй манай М.Уранцэцэг аварга энэ оны Парисын "Их дуулга" тэмцээнд учраа таарахдаа цэвэр ялж байв. Улмаар манай бөх учраагаа ялвал шилдэг наймд шалгаран БНСУ-ын Жон Бо-Кюүнь болон Италийн Валентина Москатт-ын ялагчтай хүч үзэх болно. Улмаар ялсан тохиолдолд хэсгээ тэргүүлэн Лондонгийн олимпийн аварга Сара Менезес, олимпийн хүрэл медальт Бельгийн Чаролин ван Сник, Испаний Жулия Фигуроа, Кубын Даяарис Местре Алварез нарын ялагчтай хагас шигшээд хүч үзэх боломжтой. Харин Казахстаны нэрийн өмнөөс оролцож буй ОУХМ Галбадрахын Отгонцэцэг D хэсэгт Тачиана Лиматай учраа таарсан бөгөөд хожвол шилдэг наймд шалгаран Японы Ами Кондотой хүч үзнэ. Г.Отгонцэцэг дэлхийн аварга А.Кондог энэ оны Парисын "Их дуулга" тэмцээнд хожсон бөгөөд хэсгийн аварга болвол С хэсгийн ялагчтай хагас шигшээд өрсөлдөнө.

 

Цэнд-Очирын Цогтбаатар

"Рио-2016" олимпийн наадмын албан ёсны эхний өдөр манай улсаас жүдо бөхийн 60 кг-ын жинд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүч үзнэ. Тэрбээр 60 кг-ын жингийн А хэсэгт сугалаагаар хуваарилагдсан бөгөөд Улаанбаатарын цагаар 22:00 цагаас тэмцээний эхний барилдааныг Гуатемалагийн Хосе Рамостой хийхээр болсон. Х.Рамос нь энэ оны Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн нь цорын ганц олон улсын медаль нь болоод байгаа юм. Түүнийг манай бөх хожвол Финландын Жухо Рейнваллтай учраа таарна. Улмаар эхний хоёр учраагаа ялвал өнгөрсөн жилийн Астанагийн дэлхийн аваргад хожигдсон хариугаа БНСУ-ын Ким Вон-Жинээс авах боломжтой. Гэхдээ "гуулин" улсын жүдоч эхлээд Италийн Элиос Манзег хожих шаардлагатай. Итали жүдоч энэ онд өнгөтэй байгаа бөгөөд энэ оны Алматыгийн Гран Прид түрүүлсэн нь оргил амжилт билээ. Улмаар манай бөх шилдэг наймд шалгарвал ОХУ-ын Беслан Мудрановтой өрсөлдөх магадлал өндөр байна. Учир нь Б.Мудранов Недерландын Жеройн Морентэй эхний тойрогт өрсөлдөх бөгөөд хоёрдугаар тойрогт Армений Ховхоес Давтоян болон олимпийн мөнгөн медальт Австрийн Людвик Пайшертай хоёрын даваанд хүч үзэх боломжтой болох юм. Улмаар "А" хэсгийн ялагч Японы Наохиса Такато болон Гүржийн Амиран Папинашвили нарын "В" хэсгийн ялагчтай учраа тааран финалд шалгарах боломжтой байна.

ЭХ СУРВАЛЖ: Mongolian Judo Association

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж