Гүржийн алдарт буудлага спортын тамирчин Нино Салуквадзе Риод олимпийн түүхийн хуудсанд хоёр шалтгаанаар бичигдэж байна. Эхнийх нь оролцсон олимпийн тоо. Өдгөө 47 настай тэрээр 1988 оноос хойш 8 дахь наадамдаа энэ жил зодоглож байгаа юм. Түүнээс гадна 8 олимпод тоосоо өргөсөн цорын ганц тамирчин байдаг нь Герман/Италийн каноеч Жозефа Идем Гуеррини.
Харин хоёр дахь шалтгаан нь: түүний хүү Цотне Мачавариани мөн Риод буудлагын төрөлд өрсөлдөх юм. 2016 оны Европын аваргад 6-р байр эзэлсэн 18 настай Цотне Риод ээжтэйгээ хамт 50 метрийн гар буу, 10 метрийн хийн гар бууны дасгалд цэцээ сорих ажээ. Олимпийн түүхэнд өмнө нь ээж, хүү хоёр нэг олимпод, нэг төрөлд оролцож байгаагүй юм.
"Хүүтэйгээ хамт Риод ирсэндээ туйлын баяртай байна" хэмээн Нино Олимпийн сувагт ярьсан. "Түүний карьер дөнгөж эхэлж байна. Сурах, мэдэх зүйл их бий. Үнэндээ хүүгээ буудахад бага зэрэг сандардаг. Гэхдээ дасгалжуулагч, зөвлөгчийн хувиар биеэ барихыг хичээдэг. Харин олимпийн тосгонд бол эх хүний үүргээ гүйцэтгэж, халамжилна. Ер нь одооноос биеэ дааж сурч л байна"
18 настай Цотне Мачавариани ийн ярьж байна.
"Тамирчин болгоны мөрөөдлийн оргил олимп байдаг. Би энд байгаадаа сэтгэл хөөрч байна. Бас тэмцээнд оролцохоос гадна Бразилын соёл, уламжлалтай танилцахыг хүсч байна. Копакабанад серфингдэнэ гэвэл ээж зөвшөөрөх байх. Ээж маань анхны медалиа 19-тэйдээ зүүж байсан. Би 18-тай. Тэгэхээр гэр бүлийн амжилтыг шинэчилж болно гэсэн үг"
ЭХ СУРВАЛЖ: http://olympic.mn