Нийслэл хотыг бүрхээд байгаа түймрийн утаа ОХУ-ын Сибирьт их хэмжээний газар нутгийг хамран дүрэлзэж буй ойн түймэртэй холбоотойг ОБЕГ-ын албаныхан мэдээлж байсан. Энэхүү түймрийн утаа хэд хоногоос арилна гэсэн мэдээлэл байсан ч өнөөдрийн байдлаар утаа арилаагүй байгаа юм. Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадралаас тодрууллаа.
-ОХУ-ын Сибир дэх түймрийн нөхцөл байдлын талаар танилцуулахгүй юу?
-Манай орны хилд хамгийн ойрхон асч буй түймэр Байгал нуурын баруун хэсэгт буюу хилээс 350-400 км-ын зайтай байгаа. ОХУ-ын Онцгой байдлын яам болон Ойн газар алба хаагчид сайн ажиллаж байгаа хэдий ч түймрийг унтрааж дийлэхгүй байна. Тиймээс баруун бүс нутгаасаа Онцгой байдлын алба хаагчдыг татан оролцуулахаар ажиллаж байгаа. Одоогийн байдлаар хойд хөршийн Сибирь, Байгаль далай орчимд 217 ойн түймэр гарч байна гэсэн мэдээлэл бий.
-Зарим албаныхан хэд хоногоос түймрийн утаа арилна гэж байсан. Сибир дэх түймрээс үүдэлтэй энэхүү утаа хэзээ арилах вэ?
-Сибирт гарч буй түймэртэй холбоотойгоор утаа орж байгаа нь “Эль-нино”-гоос шалтгаалж байна. “Эль-нино” гэдэг нь энэ эквадорын бүс дэх далай болон агаар мандлын хооронд харилцан үйлчлэл бий болж, агаарын хэвийн хэмжээний дулаан нэмэгдэн бүс нутгуудаар тархахыг хэлдэг юм. Манай улсад “Эль-нино” гэдэг үзэгдэл 1997 онд тохиолдож байсан. Харин энэ жил дахин тохиолдож байна. Энэ үзэгдэл нь нэг өдөрт халаад, өнгөрдөг үзэгдэл биш. ОХУ-ын Сибирт их хэмжээний түймэр гарсантай холбоотойгоор хуурайшилт маш их үүсч байгаа учраас удаан хугацаанд үргэлжлэх байх.
ОХУ-ын Онцгой байдлын яам болон Ойн газар алба хаагчид сайн ажиллаж байгаа хэдий ч түймрийг унтрааж дийлэхгүй байна. Тиймээс баруун бүс нутгаасаа Онцгой байдлын алба хаагчдыг татан оролцуулахаар ажиллаж байгаа.
-Манай улсад “Эль-нино” хэмээх энэ үзэгдэл хэрхэн нөлөөлөх вэ?
-Байгаль нуурын орчим дахь хоёр уулын хөндийгөөр дамжин Монгол руу түймрийн утаа орж ирж байна. Түймрийн утаа хэзээ арилахыг хэлэх боломжгүй. “Эль-нино”-г 14 хоногоос дээш хоног үргэлжилбэл үзэгдэл гэж тооцдог. Харин энэ үзэгдэл үүсээд хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Харин манай оронд энэ үзэгдэл харьцангуй давуу эерэг байдлаар нөлөөлж байна.
-Энэ үзэгдлийн үед цаг агаар эрс тэс болдог гэсэн үг үү. Газар тариалан, хөдөө аж ахуй эрхэлдэг манай орны хувьд эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байгаа гэж ойлгож болох уу?
Шинжлэх ухааны байгууллагын гаргаж буй мэдээллээр “Эль-Нино” нь түүнтэй уялдсан цаг агаарын нөхцөл байдал нь гандуу эсвэл бороо ихтэй жил гэх мэт нэг чиглэлийн байдаггүй, эрс тэс үзэгдэл үүсгэдэг үзэгдэл юм. Энэ үзэгдлийн үеэр хохирол амсах хамгийн нэн тэргүүний 10 улсын тавд манай улс жагссан байна. Энэ зун харьцангуй хур бороотой байгаа. Цаашдаа наймдугаар сарын эхний 10 хоногт хур бороотой гэсэн мэдээлэл байгаа. Хэрэв энэ бороо удаан үргэлжилбэл ургац хураалтад муугаар нөлөөлнө. Үүнтэй холбоотойгоор өдөртөө халуун, шөнөдөө маш хүйтэн болно гэдэг нь өвөлжилтийн бэлтгэл ажил болон ургац хураалтад муугаар нөлөөлөх магадлалтай. Тиймээс Хөдөө аж ахуйн яамнаас энэ чиглэлээр төлөвлөгөө гаргасан байгаа.