Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэгийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2016.07.29-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэгийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж, Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэгийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэн батлах юм. Ингэснээр Мэргэжлийн Засгийн газар бүтэн болно.


Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид О.Эрдэнэбилэгийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцээд, О.Эрдэнэбилэгийг  Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг 83,3 хувийн саналаар дэмжлээ. 

О.Эрдэнэбилэг нь эдийн засагч, санхүүч мэргэжилтэй бөгөөд Голомт банкинд ажиллаж байжээ.


Байнгын хороогоор мөн Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэх тов байсан ч энэ удаа оруулж ирсэнгүй. 

Одоо Эдийн засгийн байнгын хороогоор дэмжсэн асуудлуудыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байна. 


Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар,

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, П.Сэргэлэнг 95 хувийн саналаар 

-Барилга, хот байгуулалтын сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, хотын дарга асан Г.Мөнхбаярыг 100 хувийн саналаар 

-Эрчим хүчний сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, П.Ганхүүг 90 хувийн саналаар

-Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, С.Даваасүрэнг олонхийн саналаар,

-Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, А.Ариунзаяаг олонхийн саналаар тус тус дэмжин, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн боллоо. 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж