Төв аймгийн шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн албан ёсны арга хэмжээ өнөөдөр/2016 .07.27/ тохиож байна. Тэртээ 1926 оны 05 дугаар сард Богдхан Уул аймгийн шүүх нэртэйгээр Лүн суманд 4 орон тоотойгоор байгуулагдаж байсан тус шүүх өнөөдөр эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны дагнасан шүүхүүд болон давж заалдах шатны шүүх гэсэн 4 шүүх болон өргөжиж, 17 шүүгч, шүүхийн захиргааны 31 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Түүхт 90 жилийн ойн албан ёсны арга хэмжээ тус шүүхийн үүдэнд туг залснаар эхэллээ. Энэхүү арга хэмжээнд тус шүүхэд ажиллаж байсан үе үеийн ахмадууд уригдан оролцсон бөгөөд тэдгээр хүндэт зочдод шүүхийн ажилтнууд 90 жилийн ойн энгэрийн тэмдэг зүүж, хүндэтгэл үзүүлэн угтан авсан юм. Үүний дараа Төв аймгийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа, комиссын гишүүн Төв аймаг дахь шүүхүүдийн Тамгын газрын дарга Н.Чулуунжав нар тус шүүхийн хашаанд сүндэрлүүлсэн Төв аймгийн газрын зургийг сийлсэн гантиг хөшөөг албан ёсоор нээлээ. Дараа нь ойн арга хэмжээнд оролцогчид шүүхийн үүдэнд залсан шударга шүүхийн сахиусан тэнгэр Фемидад хүндэтгэл үзүүлж, зочдыг танилцуулах, ойн арга хэмжээний нээлтэд оролцсон юм. Үүний дараа Төв аймгийн Зуунмод суманд орших Улсын баатар Д.Самдангийн хөшөөнд цэцэг өргөв. Энэ үеэр Цэргийн 013 дугаар ангийн үлээвэр найрал хөгжимчид Төрийн дуулал эгшилүүлж, хүндэтгэл үзүүллээ. Дараа нь хүндэт зочид Төв аймгийн Зуунмод сумын төв талбайд дурсгалын зураг татуулав. Ойн арга хэмжээ баярын хурлаар үргэлжилнэ.
ЭХ СУРВАЛЖ: ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС