Хуучирсан мэдээ: 2016.07.30-нд нийтлэгдсэн

“Туурайн төвөргөөн”, “Тахь”, “Цэг, цэг” “Хүн”. Үзэгчид тэдний өмнө саатаж, юуг ч юм бэ эргэцүүлэн бодох шиг. Үзэсгэлэнгийн танхимд үйлчлүүлэгчид олон. Сүүлийн үед монголчууд уран зургийг сонирхон үзэж, “уншиж” чаддаг хүмүүс ч олон болжээ.

Цэнхэр, саарал, цайвар, цагаан өнгөөр дүрслэгдсэн нь уран зургийн этгээд бөгөөд сонгодог мэдрэмжийг төрүүлэх эдгээр зургуудаас яг тийм гэж тайлбарлах аргагүй сонин мэдрэмж төрөх.

“Art Space Mongolia” галерейн нээлтийн үйл ажиллагаа болон Олон улсын орчин үеийн уран зургийн Биенналын “Гран При” шагналт зураач Э.Отгонбаяр “Вlue” үзэсгэлэнгийн нээлтээ өчигдөр /2016.07.29/ 18 цагаас Шангри-Ла моллд хийсэн нь энэ.

Эх орондоо дөрвөн жилийн дараа үзэсгэлэнгээ гаргаж буй талаараа зураач Э.Отгонбаяр хэлэхдээ “Би сүүлийн хоёр жилийн хугацаанд долоон удаа эх орондоо ирсэн. Тийм болохоор монголынхоо уран бүтээлчдийн маань салхи хаана сэвэлзэж байгааг мэдэрч байгаа гэж хэлж болно. Өнөөдөр уран зургийн галерейг өөр түвшинд гаргаж, хүнд илүү ойрхон хүргэе гэдэг үүднээс шинэхэн нээлтээ хийж буй Шангри-Ла молл худалдааны төвд галерейгаа нээж байна. Урлаг хүнд ойрхон байх тусмаа илүү хүрдэг гэж боддог” хэмээн хуваалцлаа.

Түүнийг уран бүтээлч найзууд нь Отго хэмээн нэрлэдэг бөгөөд зураач Т.Энхболд “Отго өөрийнхөө бүтээлч сэтгэлгээг маш сайн хөгжүүлдэг нэгэн. Тэрээр их хурдтай, цаг үеэ мэдэрч, хувьсаж чаддаг чадварлаг уран бүтээлч” гэж үнэлж явдгаа илэрхийлэв.

Түүний үзэсгэлэнд том, жижиг 16 уран бүтээл дэлгэгдснээс энэ онд бүтээсэн “Цэнхэр” хэмээх хамгийн том бүтээл нь үзэсгэлэнгийн танхимын хойморт байрлана. Энэ бүтээлд хамгийн олон хун шувууг дүрсэлснээрээ онцлог байлаа.

Зураач Э.Отгонбаяр 1998 онд Монгол зургийн ангийг төгсч, зураач судлаачаар бие даан ажиллахдаа нүүдэлчдийн соёлын холбогдолтой угсаатан зүйн 400 гаруй судалгааны зураг 600 орчим бурхадын зургийг зургаан жилийн хугацаанд зурж, эмхэтгэсэн байдаг.

Тэрээр Берлин хот дахь Германы урлагийн их сургуульд суралцаж, 2010 оны бар жил герман хэлээр мастерын зэрэг хамгаалсан. Мөн тэр жилдээ Берлин хотод “Зураг” нэртэй галерей байгуулсан нь монгол хүний хилийн чанадад нээсэн анхны галерей болсон байна.

Мөн 1996 оноос хойш Монголд төдийгүй Герман, Голланд, Швед, Швейцарь, Франц, Молдав, Чех, Япон, Энэтхэг, Польш, Румын зэрэг улсуудад үзэсгэлэн зохион байгуулж, оролцож байжээ.

А.ЦЭЭСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж