“Нийслэлд зургаан настай 27629 элсэгч бий”

Хуучирсан мэдээ: 2016.07.29-нд нийтлэгдсэн

“Нийслэлд зургаан настай 27629 элсэгч бий”

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бүртгэл ирэх сарын 22-ны өдөр эхэлнэ. Бүртгэлийн талаар Нийслэлийн боловсролын газрын ахлах мэргэжилтэн И.Наранцогтоос тодрууллаа.

-Сарын хүрэхгүй хугацааны дараа сургууль, цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд энэ жил хэчнээн хүүхэд нэгдүгээр ангид элсэх вэ?

-Нийслэлийн Боловсролын газрын даргын удирдлагын зөвлөлийн хурлаар 2016-2017 оны хичээлийн жилийн сургууль, цэцэрлэгийн элсэлтийг наймдугаар сарын 22-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Өмнөх дөрвөн жилд хавар зохион байгуулдаг байсан. Харин энэ жилээс сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг нэг өдөр зэрэг явуулна.

Энэ хичээлийн жилд урьдчилсан байдлаар нэгдүгээр ангид суралцах зургаан настай 27629 хүүхэд байна. Нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны 12 дугаар сарын 31-ний хугацаанд төрсөн бүх хүүхдүүд суралцах боломжтой. Харин таван настай буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэхгүй.

-Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд шинээр хэчнээн цогцолбор ашиглалтад орох вэ?

-Нийслэлийн хэмжээнд өмнөх ондуудад долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулсан. Харин энэ ондоо багтан он дамнасан зургаан бага сургууль, цэцэрлэгийн барилгыг хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд шинээр нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван шинэ сургууль, дөрвөн сургуулийн өргөтгөл, нэг спорт заал баригдана. Мөн дөрвөн цэцэрлэг, хоёр цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийж дуусгах төлөвлөгөөтэй байна.

-Улсын цэцэрлэгээс гадна хувийн хэчнээн цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгосон бэ?

-Энэ жил төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгосон. Ингэснээр энэ жил 2225 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болж байгаа юм.

-Сургууль, цэцэрлэгийн бүртгэл эхлэхээр цэцэрлэгийн үүдэнд эцэг, эхчүүд нь оочерлож хонодог. Энэ жилээс бүртгэлийн ажлыг хэрхэн зохион байгуулах бол?

-Эцэг, эхчүүд сургууль, цэцэрлэгийн бүртгэлийн талаар мэдээлэл сайтай байх шаардлагатай байна. Эцэг, эхчүүд маань мэдээлэл дутмаг байгаагаас сайн дураараа цэцэрлэгийн гадна хонож өнжих асуудал үүсгэдэг. Тиймээс элсэлтийг зохион байгуулах удирдамжыг цэцэрлэгийн удирдлагуудад наймдугаар сарын 10-нд хүргүүлнэ. Мөн хүүхдээ харьяаллын дагуу аль цэцэрлэг, сургуульд бүртгүүлэх талаар манай байгууллагын сайтад байршуулсан байгаа.

-Элсэлтийг зохион байгуулах удирдамжид юу гэж тусгасан байдаг вэ?

-Элсэлтийн ажлыг зохион байгуулах удирдамжид дүүргийн боловсролын хэлтсийн дарга нар комисс томилно гэж тусгасан байдаг. Энэ комисс нь багш, эцэг эх, олон нийтийн байгууллага, сургуулийн болон сурагчдын төлөөллөөс бүрдэнэ. Мөн тухайн сургуулийн хүчин чадал, сургалтын онцлог, анги танхимын хүрэлцээ, элсэгчдийн тоо зэргийн талаар олон нийтэд ил тод нээлттэй байршуулсан байх шаардлагатай.

Элсэгчдийг ирэх сарын 22-ноос эхлэн 28-ны өдрийг дуустал бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна. Мөн элсэгчийг харьяаллын дагуу ямар нэгэн элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэнэ. Элсэгчдээс ямар нэгэн төлбөр хураамж болон бусад төлбөр огт авахгүй гэж заасан байгаа.

-Хүүхдээ сургуульд бүртгүүлэхдээ юуг анхаарах ёстой вэ?

-Элсэгчийн төрсний гэрчилгээний хуулбар, эх хувьтайгаа, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар, нэг хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэрэгтэй. Мөн эцэг, эхийн төлөөлөл хүүхдийн хамт ирж бүртгүүлнэ.

-Жилийн жилд цэцэрлэгийн хүртээмжийн асуудал яригддаг. Харин энэ жил хэчнээн хүүхэд цэцэрлэгт хамрагдах вэ?

-Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 77 хувьтай байгаа. Тэгэхээр цаана нь 22.1 хувь буюу 20-иод мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Өнгөрсөн жил цэцэрлэгүүдийг уртгасан цагаар ажлуулах, цэцэрлэгүүдийн өргөтгөл барих, төрийн албан хаагчдын хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр цэцэрлэгт хамруулах, байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэг, сургуулийн бүртгэл явуулах журмыг сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудад хүргүүлдэг. Ирэх сарын 15-наас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд зориулсан зөвлөмж боловсруулна. Тэгэхээр энэ зөвлөмж гарсны дараагаар сургууль, цэцэрлэгийн бүртгэл явагдах учраас асуудал үүсэхгүй байх гэж найдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж