Мэргэжлийн Засгийн газрыг 15 яам, 27 агентлагтай ажиллуулахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ батлуулсан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим өчигдөр /2016.07.28/ анхдугаар хуралдаанаа хийлээ.
Анхдугаар хуралдаанаар яам, агентлагуудын ажиллах орон тоог баталлаа. Засгийн газар байгуулагдах бүрд төрийн албаны бүтэц, орон тоо өөрчлөгддөг учраас ажиллах хүчний тоо нь өсөв үү, буурав уу, хэр оновчтой зохион байгуулалт хийв гэдэг л анхаарах асуудал байдаг.
Мэргэжлийн Засгийн газар яамдад ажиллах орон тоог 1381-ээр хязгаарласан нь өмнөх Засгийн газраас тооны хувьд 109-өөр буурчээ. Төр цомхон бүтцээр ажиллах эхний алхам бол орон тоо. Дарга, даамлын тоог хязгаарлах явдал. Үүгэрээ шинэ Засгийн газрын анхны шийдвэрт авах зүйл олон байна. Тухайлбал, яамдын газар, хэлтэс нь орлогч даргагүй ажиллахаар болжээ.
Харин Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтантай бол дэд дарга, эсхүл орлогч дарга 1-тэй, түүнээс цөөн ажилтантай бол дэд дарга буюу орлогч даргагүй байх чиглэл өгсөн нь тухайн агентлагийн дарга үзэмжээрээ асуудлыг шийдэх талтай. Нэг үгээр хэлбэл, дэд дарга, орлогч нь байж ч болох юм шиг хоёрдмол санаатай чиглэл өгөгдсөнөөрөө 27 агентлаг бүгд нэгэн зэрэг дэд дарга, эсхүл орлогч бий болгочих вий гэх болгоомжлолыг төрүүлээд байгаа юм.
Төсвийн зардлыг хэмнэх шаардлагыг харгалзан агентлагийн дарга нь зөвлөхгүй, бас жижиг автомашин хэрэглэх шаардлага тавигдаж эхэлсэн нь зөв ч шинэ машин авч унах шуналыг нь тогтоолоор журамлахгүй бол хуучин машинаа голж, шинэ жижиг төмөр хүлэг авч унана гэж таахалзаж мэдэшгүй юм.
Анхаарал хандуулахаас аргагүй болж буй нэг асуудал нь агентлагуудын орон тоог батлах хүрээнд цэвэрлэгч, слесарь, харуул зэрэг үйлчилгээний салбарт ажиллагсдыг дайрсан цомхотгол өрнөх болж байгаа нь чиг үүрэг нь давхардсан ажлын давхардлыг арилгахаас илүүтэй тоо хөөсөн, хэлбэр харсан буруу жишгийг тогтоох вий гэх болгоомжлолыг эрхгүй төрүүлнэ.
Жишээ татахад, спортын салбараас үйлчилгээний 30 ажилтан халагдах болжээ. Зөвхөн нэг газраас ийм хэмжээний хүн халагдахаар болсон нь Өмнөх Засгийн газрын үед тус салбарын үйлчилгээнийхний орон тоог тултал давхардуулсныг цөөлөв үү, аль эсвэл цэвэрлэгч, слесарь хэрэггүй, тамирчид өөрсдөө Спортын төв ордноо цэвэрлэж, манаг гэж үзэв үү. Ийм нэгэн ойлгомжгүй асуудал үүсээд байна.
Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Тахарын ерөнхий газар татан буугдаж, гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг нь Цагдаагийн байгууллагад шилжиж ирэх боллоо. Хийдэл гарах вий.
Гааль, татварын ерөнхий газар сална. Уг нь хоёр байгууллага нэгдсэнээр үүрэг чиглэл нь давхардаж байсан орон тоог оновчтой болгож, 100 гаруй хүнийг чөлөөлсөн. Одоо тусдаа болонгуут хэд, хэдэн даргын орон тоо шинээр бий болохыг үгүйсгэх аргагүй юм.
Ер нь төрийг цомхон, чадварлаг бүтцээр ажиллуулна гэдэг нь хэн боловсролтой, хэн чадвартай, хэн туршлагатай байна тэр нь төрийн албандаа шигшигдэн үлдэж, ажиллах ёстой. Тэгж байж төр чадварлаг, хүчтэй байна. Бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилсөн нэртэйгээр нэг хэсгийг нь ажилгүй болгож, нөгөө хэсгийг буцаан ажилд авдаг байдлаар төрийн ажлыг үргэлжлүүлбэл “Төр цомхон бүтцээр ажиллаж байна” гэж хэчнээн магтаад ажил урагшлахгүй, лоозон болоод л өнгөрнө.
Г.ХОРОЛ