“Дэлхийн хепатитын өдөр” өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны гадна өдөрлөг болж байна. Энэ үеэр иргэдэд элэгний вирусын эмчилгээний нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж элэгний эмч, эмнэлгийн ажилтан, эмийн үйлчилгээ эрхлэгч нар иргэдэд В, С вирусын эм, эмчилгээ, шинжилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгч байна.
Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах 500 ширхэг эрхийн бичиг, мөн элэгний вирустэй өвчтөнд нэн шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношлогоонд хөнгөлөлттэй хамрагдах 1000 ширхэг эрхийн бичгийг тарааж байгаа юм.
Иргэдийн зүгээс элэгний вирусын эсрэг эмчилгээг хаанаас, хэрхэн хөнгөлөлттэй авч болох вэ, эрүүл мэндийн даатгалаар ямар эмийг хэдэн хувиар хөнгөлөх зэрэг нийтлэг асуудлаар зөвлөгөө авахаар олноор иржээ. Үүнээс гадна иргэд эрүүл мэндийн даатгалын мөнгөө хэрхэн буцааж авах, групп тогтоолгох, өвчинтэйгээ хэрхэн тэмцэх, элэгний эмчилгээний үнэ өртөг, худалдаж буй байршил зэрэг бүх талын мэдээлэл зөвлөгөө авч болох аж.
Өдөрлөг өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Б.ЗАЯА
Гэрэл зургийг: Ц.АРИУНБОЛД