Хүний амьдрал тоглоом биш ээ

Хуучирсан мэдээ: 2016.07.28-нд нийтлэгдсэн

Хүний амьдрал тоглоом биш ээ

Дөрөвхөн настай охиныг амьсгал хураахад хүргэсэн залуухан эцэг, эхэд холбогдох хэрэгт Шүүх өчигдөр цэг тавилаа.

Бага насны хүүхэд зодож, биед нь хүнд гэмтэл учруулан, амь насыг нь хохироосон гэх хэрэгт буруутгагдсан Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноож, талийгаач охины төрсөн эцэг  Т.Цогтыг цагаатгажээ.

Охин амь насаа алдахаас өмнөх хоёр жилийн хугацаанд Т.Цогттой хамтран амьдарч байгаад сэтгэл зүрх зүсэгдэм энэ аймшигт үйл явдлын буруутан болсон Г.Маралмаа охины төрсөн ээж Б.Өнөржаргалд 4 сая гаруй төгрөг төлнө. Харин Г.Цогтыг бусдад төлөх төлбөргүй гэсэн шийдвэрийг Баянзүрх дүүргийн Шүүх гаргажээ.

Шүүхээс оноосон шийтгэл зөв, буруугийн аль нь болохыг нийгэм тэр аяараа хэлэлцэж байна. Шүүхийн шийдвэрээр Г.Цогтод ял шийтгэл тулгаагүйд нэг хэсэг нь бухимдаж байна. Амаржаад удаагүй, нялх хүүхэдтэй эмэгтэйд шийтгэл нь хүндэдлээ гэж үзэх хүмүүс ч байгаа байх.

Нэг дээвэр дор амьдарч, хайрлаж дурлалцаж явсан залуухан хосууд ухаан богино, уурын мунхагаас өөрсдийн гараар үрийнхээ амийг тасалж, үлдсэн амьдралдаа сэтгэлийн асар хүнд ачаа үүрч явах болсон энэ бүх үйл явц өөрөө илэрхийлж хэлэхэд дэндүү харамсалтай түүх юм.

Хагацал гуниг, уй шаналал, түгшүүр, айдас, үзэн ядалт, салалт, шорон, ял шийтгэл… Энэ бүхэн хэдийгээр нэг гэр бүлд ирсэн эмгэнэл боловч томруулж харвал тэдэнд тохиолдсон амьдрал энэ хэцүү нийгмийн тусгал гэмээр харагдав. 

Гэр бүл зохиох, эцэг эх байх, үр хүүхэд төрүүлж өсгөх гээд хүний амьдралын хамгийн чухал сонголтууд өнөөдөр дийлэнх тохиолдолд чухал биш болжээ. Залуу гэр бүл босохдоо амархан, нурахдаа ч хялбархан болж.

Гэр бүл салалт хэврэгшсэн, залуус амьдралд хариуцлага үүрэх чадваргүй болсон ийм жишээ нэг л мэдэхэд бидний эргэн тойронд олон харагдах болжээ. Нийгмийг шуугиулсан, цочроосон, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй зөрчил маргаан үнэхээр алхам тутамд анзаарагддаг болсныг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөх хэмжээнд очжээ. 

Хэрэв Г.Цогт, Б.Өнөржаргал хоёр салаагүй бол, хэрэв тэд бяцхан охиноо хайраар дутаагаагүй бол, хэрэв Г.Цогт эцэг шиг эцэг байсан бол, хэрэв Г.Маралмаа сонгож амьдарсан залуугийнхаа хөтөлж ирсэн охиныг өрөвдөж хайрласан бол… Эсвэл тэд бүр нийлээгүй бол… Хүүхдийг зэмлээгүй бол, зодоогүй бол… Хэрэв тэд бие биедээ хайртай, амьдралд хайртай байсан бол үр хүүхдээсээ үүрд салахгүй, өнчрүүлэхгүй, сонгосон амьдралаа шоронгийн хананы хоёр талд өнгөрүүлэхгүй байлаа.

Гэр бүл салалт нэмэгдэж, залуус амьдралд хариуцлага үүрэх чадваргүй болсон ийм жишээ нэг л мэдэхэд бидний эргэн тойронд олон харагдах болжээ. Нийгмийг шуугиулсан, цочроосон, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй зөрчил маргаан үнэхээр алхам тутамд анзаарагддаг болсныг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөх хэмжээнд очжээ. 

Гэр бүл, амьдрал төлөвлөлт, хүмүүжил, ёс зүй, үүрэг хариуцлага… Хүний ухамсарт нөлөөлөх амьдралын хэмнэл, бодлого, хууль эрх зүйн зохицуулалтыг эргэн харж, залуучуудынхаа тархийг нэг сайхан угаахыг нийгэм биднээс шаардаж эхэлжээ.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж