“Элэгний өвчнийг нарийн хянах боломжгүй байна”

Хуучирсан мэдээ: 2016.07.28-нд нийтлэгдсэн

“Элэгний өвчнийг нарийн хянах боломжгүй байна”

Өнөөдөр “Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна. Энэ өдрөөр ХӨСҮТ, ДЭМБ, ЭМЯ, НЭМХ-ийн мэргэжилтнүүд вируст хепатитын эсрэг хийж буй ажил, тулгамдсан асуудлын талаар мэдээлсэн юм.

Монгол Улс өнөөгийн байдлаар вируст хепатит буюу элэгний А, В, С зэрэг вирусээр хэчнээн хүн өвдсөн, халдварласан зэрэг мэдээллийг гаргаж, нарийн хянах боломжгүй байгааг албаныхан дуулгалаа. Учир нь вируст хепатитын В, С, А гээд аль ч халдварыг авсан, өөрөө мэдээгүй, шинжилгээ хийлгэдэггүй олон иргэн амьдарч буй. Мөн тэр бүгдийг нарийн тооцож, хянах нөхцөл боломж бүрдээгүй гэдгийг өнөөдөр албаныхан мэдээллээ. Тиймээс элэгний вирусыг бүртгэх цахим бүртгэлийг нэвтрүүлж эхэлжээ. Ингэснээр вирусыг А. В, С гээд төрөл төрлөөр ангилж тоолох боломжтой юм байна.

ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү “Одоогоор вируст хепатитаар өвчилсөн өвчтөнүүдийн тоог судлаачдын гаргасан албан бусаар л тооцоолж байна. Түүнээс биш бүрэн тоолох боломжгүй байна. Вируст хепатиттай иргэдийг нарийвчлан тоолох боломжгүй. Тиймээс элэгний вирусыг бүртгэх цахим бүртгэлийн системийг нэвтрүүлсэн. Үүгээр дамжуулан өвчтөнүүдийг хяналтандаа авах зорилго тавьж ажиллаж байна” гэлээ.

Хэдийгээр Монгол Улс элэгний өвчний тооцоог нарийн гаргах боломжгүй ч зарим вирусын өвчлөлийн тохиолдлыг бууруулж чадсан гэлээ. Тухайлбал, А, В вируст хепатитын эсрэг вакциныг нэвтрүүлснээр сүүлийн таван жилд 10 мянган хүнд тохиолдох өвчлөл 6.8-аар буурчээ.

Мөн энэ жилээс элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг хямд үнээр оруулж эхэлсэн. Тэгвэл өнөөгийн байдлаар “Харвони” эмийг 4681 хүн ууж, эмчилгээнд хамрагджээ. Энэ дундаас гурван сар уусан хүмүүс 99 хувийн эдгэрэлттэй гэх үр дүн гарсан байна. Энэ нь С вирустэй тэмцэх үйл ажиллагаанд том эргэлт гаргаж, цаашид ч үр дүн өснө гэдэгт итгэж буйгаа албаныхын хэллээ.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “1960-аад онд вируст хепатит өвчнийг бүртгэж эхэлсэн. Хепатит В 1981 онд, С вирусыг 1997 оноос бүртгэж эхэлсэн. Дэлхийн хэмжээнд хепатит В-ын вакциныг 1991 онд хийж эхэлсэн. Монгол Улс ч гэсэн тухайн оноос вакциныг улс даяар хийж эхэлсэн. Ингэснээр 1991 оноос хойш өвчлөл эрс буурсан. Өөрөөр хэлбэл 10 мянган хүн д тохиолдох өвчлөл 6.8 хувиар буурсныг онцлох хэрэгтэй” гэлээ.

Элэгний өвчлөлийн эсрэг Монгол Улсын Засгийн газар 2016-2025 он хүртэл “Вируст хепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр”-ийг баталжээ. Энэ хүрээнд 2025 он гэхэд элэгний өвчлөлийн эсрэг дорвитой үр дүнд хүрнэ хэмээн үзэж байгаа аж. Мөн элэгний өвчлөлийн эсрэг тэмцэхэд иргэдийн оролцоо ч чухал гэдгийг санууллаа. Тиймээс иргэд өөрийгөө эрүүл гэж бодсон ч ганц удаа элэгний вирусын шинжилгээ өгч үзэх хэрэгтэй. Учир нь энэ шинжилгээг зургаан сар, жил бүр өгөх шаардлагагүй. Нэг удаа л өгсөн байхад вирустэй эсэхээ мэдэх боломжтой юм байна.

Мөн энэ талаарх мэдлэгээ дээшлүүлж, урьдчилан сэргийлэх нь томоохон алхам гэдгийг санууллаа.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж