БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн оролцож, нийтдээ 5 ээлжинд 4250 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна. Одоо харин Монголын Зэвсэгт хүчний 6 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны 850 цэргийн алба хаагч тус газрыг зориход бэлэн болжээ.
Өнөөдөр /2016.07.27/ дайчид Монгол цэргийн оройн дээд сүлд Зэвсэгт хүчний Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлэх юм.
Арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, дайчдын ар гэрийнхэн оролцоно. Хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай үүрэг гүйцэтгэх Монголын цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллагын 700 гаруй, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ХСИС-ийн 100 гаруй алба хаагч багтжээ. Мөн 40 гаруй эмэгтэй алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ.
Г.ХОРОЛ