2016 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 573 бүртгэгджээ. Үүний улмаас 19 хүүхэд амь насаа алдаж, 554 хүүхэд гэмтэл авсан харамсалтай мэдээ байна. Гэмтэж бэртсэн хүүхдийн 113-ынх нь биеийн байдал хүндэвтэр, хүнд гэмтсэн байна.
Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр Хайлаастын замд 7, 9 настай хоёр хүүхэд зам тээврийн осолд орж, гэмтжээ. Хоёр хүүхдийн хувьд асран хамгаалагчгүй явж байсан аж.
Сүүлийн саруудад хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал өссөөр байгааг албаныхан анхаарууллаа. Хүүхдүүдийн хувьд ихэвчлэн асран хамгаалагчгүй зам гарах, автомашинд суухдаа зориулалтын бүс хэрэглэхгүй, тээврийн хэрэгслийн урдуур гүйх, унадаг дугуйтай явснаас осолд ордог байна.
Ослоор амиа алдсан хүүхдийн 89 хувь нь орон нутагт гарчээ. Харин осолд орж гэмтсэн хүүхдийн 66 хувь нийслэлд гарсан байна. Иймд эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Замын цагдаагийн газраас анхааруулсаар байгаа юм.
Б.ЗАЯА