Зуны XXXI олимпийн наадам Рио-де-Жанейро хотноо эхлэхэд найман хоногийн хугацаа үлдээд байна.
ОХУ-ын олон тамирчид сэргээшийн асуудлаас болж, Бразилийг зорихгүй болоод байгаа билээ. Тэгвэл өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин РИО-г зорих болсон баг тамирчдаа үдэн гаргалаа. Энэхүү арга хэмжээ сэргээшийн асуудлаас болж, нутагтаа үлдэж байгаа олон тамирчдын адил сэтгэл эмзэглүүлсэн агшин болж үлдсэн. Тэр дундаа олимпийн хошой, дэлхийн гурван удаагийн аварга, тулгууртай харайлтын нэрт тамирчин Исинбаева үг хэлэхдээ нулимс дуслуулсан нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлжээ.
ОХУ-ын Олимпийн хороо нийтдээ 250 гаруй тамирчнаа зуны XXXI олимпийн наадамд илгээж байна.
Уг нь 387 орчим тамирчин оролцох төлөвлөгөөтэй байсан ч сэргээшийн асуудлаас болж, 100 гаруй тамирчид гэртээ үлдэж байгаа юм. Тэдний 60 гаруй нь хөнгөн атлетикийн тамирчид бөгөөд хэдийгээр тэд РИО-г зорихгүй ч тамирчдын үдэн гаргах ёслолд оролцжээ.
Ч.БОЛ