Улаанбаатар хотод заавал үзэх ёстой 20 дурсгалт газар

Хуучирсан мэдээ: 2016.07.28-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод заавал үзэх ёстой 20 дурсгалт газар

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байна. Бид энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван хөшөө дурсгалыг түүхийг гэрэл зургийн хамт хүргэж байна.

  1. Д.Сүхбаатарын морьтой хөшөө
  2. Х.Чойбалсангийн хөшөө
  3. Эмнэг сургагч баримал
  4. Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын хөшөө цогцолбор
  5. Ажилчны алдар баримал

ДУРСГАЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ:


Д.СҮХБААТАРЫН МОРЬТОЙ ХӨШӨӨ

Товч түүх

1

Дурсгалын нэр:

Д.Сүхбаатарын морьтой хөшөө

2

Бүтээсэн он:

1946 он

3

Бүтээгч:

С.Чоймбол

4

Хэнд, ямар үйл явдалд зориулсан:

Ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Монголын үндэсний баатар Дамдины Сүхбаатарт зориулан босгосон.

5

Яагаад бүтээсэн:

Төр, цэргийн зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагчийн нэг Д.Сүхбаатарын алдар гавьяаг мөнхжүүлэх, түүгээр дамжуулж Ардын хувьсгалын үйл хэргийг сурталчлах зорилгоор бүтээсэн.

6

Хэн захиалсан:

МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1946 оны 13/3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулахаар шийдвэрлэсэн.

 

Хөшөөг энэ газарт босгох болсон шалтгаан:

Ардын хувьсгалчид 1921 онд Нийслэл хүрээ, одоогийн Улаанбаатар хотод орж ирэхдээ энэ газарт шинэ талбай байгуулж, модон индэр засч, түүний дээрээс Ардын хувьсгалыг олон нийтэд тунхагласан. Энэ хувьсгалыг удирдан зохион байгуулагчийн нэг нь Д.Сүхбаатар байв.

 

Онцлог:

Монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөө

 

Хамгаалалтын зэрэглэл:

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.

 

Хадгалалт хамгаалалт:

2011 онд хөшөөг анхны эх байдлаар бүхэлд нь шинэчилж, Д.Сүхбаатарын морьтой хөшөөг хүрэлдсэн.

Товч тодорхойлолт буюу шинж байдал:

 

Дурсгал юунаас бүрддэг вэ? /иж бүрдэл/

Суурийн талбай, хөшөөний суурь, арслан, төмөр гинж, хүрэл хөшөө болон хөшөөний суурийн урд, хойд талын хананд буй ингэмэл, зүүн талын талын хананд буй бичээс зэргээс бүрдэнэ.

 

Дурсгал ямар загвар, хийцтэй вэ? (архитектур)

 

 

Хөшөөнд юуны талаар дүрсэлсэн бэ?

Д.Сүхбаатар болон түүний хувьсгалын үйл хэргийг дүрсэлсэн. Д.Сүхбаатар жанжин морь унаж, баруун гараа дээш өргөж, цэргүүддээ үг хэлж байгаа байдлаар хөшөөг дүрсэлсэн. Хөшөөний суурийн хойд хананд Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид Индэрийн талбай дээрээс ард иргэдэд хувьсгалын үйл хэргийг ухуулан сурталчилж байгааг, урд хананд Д.Сүхбаатар Ардын журамт цэргийг удирдан эх нутгаа гамингуудаас чөлөөлж байгааг харуулсан зэс ингэмэлтэй. Хөшөөг хамгаалж буйг бэлгэдсэн төмөр гинжээр холбогдсон 14 арслантай.

 

Хэмжээ:

Урт: 4.1 метр

Өргөн: 1.85 метр

Өндөр: 10.62 метр

Морьтой хөшөөний өндөр: 4 метр

Байршил

 

Байршил:

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төв талбайн дунд байдаг.

 

Солбилцол:

N47 55 7.8
E106 55 3.6

 

Хотын төв цэгээс аль зүгт, хэр зайтай:

Төв тэг цэгээс хойш 15 метр

Дурсгалтай холбоотой бусад мэдээлэл

 

Дурсгалын дэргэд ямар арга хэмжээ, тэмдэглэлт үйл явдал болдог вэ?

  • VI/01 Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээ
  • VII/10 Чингис хааны хөшөө, Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол
  • VII/11 Олон нийтэд зориулсан цэнгээнт арга хэмжээ
  • II/02 Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол

 

Дурсгалын ойролцоо өөр ямар дурсгалуудыг үзэх боломжтой вэ?

  • Хойд талд 50 метр зайд – Чингис хааны хөшөө, цогцолбор
  • Зүүн хойд талд 300 метр зайд – Х.Чойбалсангийн хөшөө
  • Зүүн урд хэсэгт 300 метр зайд – Марко Поло, Хүн чулууны хонхор дахь мэлхий хөшөө, Гадаад харилцааны яамны барилга
  • Баруун урд зүгт 300-400 метр зайд – С.Зориг, Б.Ренчин, Ю.Цэдэнбалын хөшөө

 

Дурсгалын орчимд үзвэр, үйлчилгээний ямар газрууд байдаг вэ?

  • Баруун урд талд – Улсын драмын эрдмийн театр
  • Баруун хойд талд – Монголын Үндэсний музей
  • Зүүн талд – Соёлын төв өргөө
  • Зүүн урд талд – Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

 

Д.Сүхбаатарын түүхтэй холбоотой өөр ямар дурсгалууд, хаана байдаг вэ?

  • Батлан хамгаалах яамны хашаанд “Д.Сүхбаатарын анхны хөшөө” хэмээх нэртэй түүнд зориулан бүтээсэн чоддин (суваргын нэг төрөл) хэлбэртэй хөшөө
  • Удирдлагын академийн хашаанд Д.Сүхбаатарын хөшөө
  • Амгаланбаатарт, Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйрын дээр гэрэлт хөшөө болон түүний сууж буйг дүрсэлсэн хөшөө

Х.ЧОЙБАЛСАНГИЙН ХӨШӨӨ

Товч түүх

1

Дурсгалын нэр:

Х.Чойбалсангийн хөшөө

2

Бүтээсэн он:

1946 он

3

Бүтээгч:

С.Чоймбол

4

Хэнд, ямар үйл явдалд зориулсан:

Ардын хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсанд зориулан босгосон.

5

Яагаад бүтээсэн:

Улс төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагчийн нэг, ХХ зууны эхний хагас дахь Монголын удирдагчдын нэг Х.Чойбалсангийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний монголын улс төр, нийгмийн шинэчлэлийг удирдан жолоодсон гавьяаг үнэлж бүтээсэн.

6

Хөшөөг энэ газарт босгох болсон шалтгаан:

ХХ зууны эхний хагаст Монголын нийгмийн шинэчлэлийг Х.Чойбалсан удирдсан ба 1942 онд байгуулагдсан анхны их сургуулийг түүний нэрэмжит болгож, өмнөх талбайд хөшөөг босгосон.

 

Онцлог:

Монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөөний нэг бөгөөд түүнийг амьд байхад босгосон.

 

Хамгаалалтын зэрэглэл:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.

 

Хадгалалт, хамгаалалт:

2011 онд хөшөөг анхны эх байдлаар бүхэлд нь шинэчилж, Х.Чойбалсангийн хөшөөг хүрэлдсэн.

Дурсгалын шинж байдал, иж бүрдлийн тодорхойлолт:

 

Хөшөөний иж бүрдэл:

Хөшөө нь суурийн талбай, хөшөөний суурь, хүрэл хөшөөнөөс бүрддэг.

 

Дүрслэл:

Зүссэн боржин чулуугаар хийсэн, тойрог хэлбэрийн шаталсан суурийн дээр 6 талт боржин чулуун босоо суурь, түүний дээр хүрэл хөшөөг байрлуулсан.

Х.Чойбалсанг зогсоо байдалтайгаар дүрслэхдээ түүнийг цэргийн шинель өмсөж, шинелийн баруун энгэрээс баруун гараараа барьж, зүүн гартаа хуйлсан цаас барьсан байдлаар урлажээ. Мөн шинелийн энгэрийг задгай хийж, түүний цаанаа маршал хувцасны энгэртээ одон медалиуд зүүсэн байгааг харуулжээ.

Хөшөөний суурийн урд хананд “Х.Чойбалсан” гэсэн бичигтэй.

 

Хэмжээ:

Суурь, хүрэл хөшөөний нийт өндөр: 6.15 метр

Х.Чойбалсангийн хүрэл хөшөөний өндөр: 3.35 метр

Хүрэл хөшөөний өргөн: 1.25 метр

Хөшөөний дугуй суурийн өндөр: 2.1 метр

Хөшөөний дугуй суурийн өргөн: 0.94 метр

Доод суурийн өндөр: 0.7 метр

Байршил

 

Байршил:

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, Их сургуулийн гудамжны уулзварын зүүн хойд талд байдаг.

 

Солбилцол:

N47 55 20.9
 E106 55 6.9

 

Хотын төв цэгээс аль зүгт, хэр зайтай:

Улаанбаатар хотын төв, тэг цэгээс зүүн хойш 300 метр

Дурсгалтай холбоотой бусад мэдээлэл

 

Дурсгалын дэргэд ямар арга хэмжээ, тэмдэглэлт үйл явдал болдог вэ?

  • II/08 Жил бүр Х.Чойбалсангийн төрсөн энэ өдөр хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг.
  • Чөлөөлөх дайны ялалтын тэгш ойн жилүүдэд түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөдөг.

 

Дурсгалын ойролцоо өөр ямар дурсгалуудыг үзэх боломжтой вэ?

  • Хойд талд 40 метр зайд – МУИС-ийн төв сургууль байрлаж буй уран барилга
  • Баруун урд талд 300 метр зайд – Чингис хааны хөшөө цогцолбор
  • Баруун урд талд 300 метр зайд – Д.Сүхбаатарын хөшөө
  • Зүүн тийш 500 метр зайд, Бээжингийн гудамжинд – Х.Лхагвасүрэнгийн хөшөө
  • Баруун тийш 250 метр зайд, Ж.Самбуугийн гудамжинд – Байгалийн түүхийн музейн уран барилга болон түүний өмнөх хоёр чулуун арслан

 

Дурсгалын орчимд үзвэр, үйлчилгээний ямар газрууд байдаг вэ?

  • Баруун талд – Байгалийн түүхийн музей
  • Баруун хойд талд – МУИС
  • Зүүн талд – Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв
  • Урд талд – Хүмүүнлэгийн их сургууль

 

Х.Чойбалсангийн түүхтэй холбоотой өөр ямар дурсгалууд, хаана байдаг вэ?

  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Нэгдүгээр сургуулийн зүүн талд төрийн тусгай хамгаалалттай “Маршал харш”-ийн хашаанд “Х.Чойбалсангийн өвлийн ордон”, “30 дугаар байр”, “Маршалын өргөө” гэж нэрлэгдсэн хоёр давхар байшин бий. 1946 онд Х.Чойбалсанд зориулсан барьсан тус байшинд тэрээр өвөлждөг байжээ.

ЭМНЭГ СУРГАГЧ БАРИМАЛ

Товч түүх

1

Дурсгалын нэр:

Эмнэг сургагч баримал

2

Бүтээсэн он:

1948 он

3

Бүтээгч:

Н.Жамбаа

4

Энэ бүтээлээр юуг үзүүлэхийг зорьсон бэ?

Бүтээгч энэ бүтээлээр монгол хүн, морь хоёрын түүхийг харуулахыг зорьсон ба эр хүн, морь хоёр ингэж л анх халз учран, ямар хүлгийн эзэн болохоо эр хүн ойлгож авдаг шийдвэрлэх мөчийг харуулсан.

5

Яагаад бүтээсэн:

Монгол эр хүн, морь хоёроор төлөөлүүлэн Монгол ахуйн нэг онцлогийг харуулах зорилготой бүтээсэн.

 

Онцлог:

Барималд морины тэнвэрийн цэгийг урд хоёр хөл дээр нь олж, эмнэг морь, түүнийг сургаж байгаа залуу хоёрын хөдөлгөөн, харьцааг сонирхолтой байдлаар шийдэж харуулсан.

 

Хамгаалалтын зэрэглэл:

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.

 

Хадгалалт, хамгаалалт:

Баримлын гипс эх загвар Москвагийн Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн алтан сан хөмрөгт хадгалагдаж байна. Баримлыг 1958 онд түүний шавь Л.Дашдэлэг зэс хөөмөл болгон цутгасан.

Дурсгалын шинж байдал, иж бүрдлийн тодорхойлолт:

 

Баримлын иж бүрдэл:

Суурийн талбай, хөшөөний суурь, хүрэл хөшөөнөөс бүрддэг.

 

Дүрслэл:

Тус баримал нь суурь, зэс баримлаас бүрддэг. Гадуураа зуйван тойрог хэлбэрийн усан оргилуурын дунд 1 метр өндөртэй  чулуун суурин дээр зэс баримлыг байрлуулсан. Баримлыг зэсээр хөөмөлдөж хийсэн бөгөөд эмнэг морь, түүнийг сургаж буй залуу хоёрыг дүрсэлсэн. Хойд хоёр хөлөө тангарч, булгиж буй эмнэг морин дээр баруун гартаа ташуур барьж, зүүн гараараа жолоогоо атгаж, эмээлийн хойгуур суусан монгол дээл, гутал, шилэбэн малгай өмссөн монгол залууг дүрсэлсэн.

 

Хэмжээ:

Суурь, баримлын нийт өндөр: 2.7 метр

Баримлын өндөр: 1.7 метр

Баримлын урт: 1.9 метр

Баримлын өргөн: 0.65 метр

Байршил

 

Байршил:

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд Централ таурын урд, Зүүн цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуурын дунд байдаг.

 

Солбилцол:

N47 55 3
 E106 55 14.6

 

Хотын төв цэгээс аль зүгт, хэр зайтай:

Улаанбаатар хотын төв, тэг цэгээс зүүн урагш 250 метр

Дурсгалтай холбоотой бусад мэдээлэл

 

Дурсгалын ойролцоо өөр ямар дурсгалуудыг үзэх боломжтой вэ?

  • Зүүн хойд талд 50 метр зайд – Их Хүрээ (одоогийн Улаанбаатар) энд анх суурьшсан газарт босгосон дурсгалын мэлхийт хөшөө
  • Баруун талд талд 50 метр зайд – Марко Пологийн хөшөө
  • Баруун хойд талд 60 метр зайд – Айраг цогцолборын Хургатай хүү, Аягатай хүү, Эмээлтэй хүү, Барилдаанч баримал
  • Урд талд 50 метр зайд – Гадаад хэргийн яам байрлаж буй уран барилга, түүний баруун талд буй “Халуун элгэн нутаг” дуунд зориулсан хөшөө
  • Баруун урд талд 50 метр зайд – 1942 онд МУИС-ийн анхны хичээлийн байр байсан байшин буюу одоо С.Зориг сан байрлаж буй байшин
  • Зүүн талд 200 метр зайд – БНМАУ-ын Засгийн газар 1931-1951 онд байрлаж байсан барилга буюу өдгөө МУБИС-ийн төв сургууль байрлаж буй барилга

 

Дурсгалын орчимд үзвэр, үйлчилгээний ямар газрууд байдаг вэ?

  • Хойд талд – Дуурь бүжгийн эрдмийн театр
  • Зүүн хойд талд – Улаанбаатар зочид буудал
  • Баруун урд талд, Олимпийн гудамжинд – Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей

ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДАД ЗОРИУЛСАН ДУРСГАЛЫН ХӨШӨӨ ЦОГЦОЛБОР

Дурсгалын товч түүх

1

Дурсгалын нэр:

Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын хөшөө цогцолбор

2

Бүтээсэн он:

1969-1971 он

3

Бүтээгч:

Ерөнхий архитектор А.Хишигт, архитектор Т.Мишиг, Н.Уртнасан, Д.Өлзийхишиг, инжинер-конструктор С.Я.Кузнецов, И.Бадай, барималч Ц.Доржсүрэн, Т.Зулзага, зураач Я.Үржнээ, Б.Доржханд

4

Хэнд, ямар үйл явдалд зориулсан:

Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтаж БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнол, хувьсгалт ололт амжилтыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалсан удаа дараагийн байлдаанд алтан амиа өргөсөн зөвлөлтийн эрэлхэг дайчдын дурсгалд зориулж болон Монгол-Зөвлөлтийн ард түмний ган бат найрамдлын илэрхийлэл болгож бүтээсэн.

 

Хөшөөг энэ газарт босгох болсон шалтгаан:

Монголчууд эртнээс хамгийн хүндтэй байгууламж, тухайлбал овоо мэтийг өндөрлөг газар босгож, амьдралын бэлэг тэмдэг гэж үзсээр ирсэн уламжлалын дагуу Богдхан уулын арын Зайсан толгой дээр босгосон.

 

Онцлог:

Уулын орой дээр босгосон хөшөө цогцолбор бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий төрхийг хардаг гол газар.

 

Хамгаалалтын зэрэглэл:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.

 

Хадгалалт, хамгаалалт:

2014 онд цогцолборын зарим хэсгийг сэргээн засварлаж, будсан.

Дурсгалын шинж байдал, иж бүрдлийн тодорхойлолт:

 

Хөшөөний иж бүрдэл:

Хөшөө цогцолбор нь Зайсан толгойн ар бэл дэх уужим талбай, БНМАУ, ЗСБНХУ-ын ард түмний найрамдлын билиг тэмдэг болсон сүрлэг том соёмбо, алх хадуур, хөшөөнд очих явган ба машин зам, авто зогсоол, Зайсан толгойн орой дээрх Зөвлөлтийн дайчин эрийн сүрлэг хөшөө, тулгыг бэлгэдэж хийсэн дугуй цагираг, түүний дундах мөнх галыг бэлгэдсэн цөгц, цуглааны талбай зэргээс бүрддэг.

 

Дүрслэл:

Хөшөөний цогцолбор нь Зайсан толгойн ар бэл дэх уужим талбай, БНМАУ, ЗСБНХУ-ын ард түмний найрамдлын билиг тэмдэг болсон сүрлэг том соёмбо, алх хадуураас эхэлдэг. Талбайн ханан дээр “Энд зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхөлж, Газарт галтай цуг дархлав” гэж алтан үсгээр бичжээ. Эндээс Зөвлөлтийн дайчдын хөшөө өөд 612 гишгүүр бүхий 300 метр урт шат тавьж, зорчигчдын сууж амрах сандал, автомашины зогсоолын талбай засчээ. Мөн доод талбайгаас Зайсан толгойн дунд хүртэл 680 метр урт 9 градусын налуутай асфальтан хучилттай авто зам тавьсан байна.

Зайсан толгой дээрх хөшөө нь Зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалыг үүрд мөнхжүүлэх зорилгоор монголчуудын эрт үеэс эхлэн төр улсынхаа тусгаар тогтнол, өрх гэрийнхээ гал голомтын билиг тэмдэг болгож ирсэн ган бат тулгыг ургаа хадны гурван чулуун дээр суурилуулж, баруун гартаа ялалтын туг өргөж, зүүн гартаа автомат буу барин зогссон Улаан армийн дайчин эрийн 27 метр сүрлэг өндөр босоо дүрийг өмнө талд нь байрлуулжээ. Түүний дэргэд “Алтан амь тань бидэнд бий, алдар гавьяа тань амьдралд бий” гэсэн бичээс бүхий ёслолын талбайд Ардын хувьсгалын өлгий Алтанбулаг, ах дүү хоёр орны харийн дайсны эсрэг тэмцэж байсан Толбо нуур, Халхын гол болон зөвлөлтийн Эх орны дайны баатар хотуудаас авчирсан хөрс шорооны дээжийг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ.

Хөшөөний гол хэсэг болох монгол үндэсний тулгыг бэлгэдсэн 22 метр голчтой, 3.2 метр өндөр дугуй ханын гадна талаар БНМАУ, ЗСБНХУ-ын алдар гавьяаны одонгуудыг товойлгон сийлж, үндэсний хээ угалзаар чимжээ. Ханын дотор талд ах дүү хоёр армийн түүхэн замнал, 1921, 1939, 1945 онд гамин, цагаантан, Япон, Гитлерийн Германы түрэмгийлэгчдийг бут цохисон ялалт болон манай хоёр орны найрамдал, нөхөрлөлийг өнгөт чулуун шигтгэмэл (мозайк)-ээр дүрслэн харуулжээ. Дугуй ханын төв дунд монгол үндэсний давхар алхан хээгээр тасамдан чимэглэсэн улаан боржин чулуун цөгц байрлуулж, мөнх гал бадраажээ.

 

Хэмжээ:

Цагираган ханын хоорондох зай: 18.6 метр

Цагираган ханын дотор талын мозайктай хэсгийн өндөр: 3.3 метр

Ханын нийт өндөр: 4.4 метр

Цагираган ханын зузаан: 70 см

Цагираган ханын доод хэсгээс суурь хүртэл: 2.53 метр Зөвлөлтийн дайчин эрийн хөшөөний өндөр: 27 метр

Байршил

 

Байршил:

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжны зүүн талд, Зайсан толгойн ар болон дээд хэсэгт байдаг.

 

Солбилцол:

N47 53 3.6
 E106 54 55.8

 

Хотын төв цэгээс аль зүгт, хэр зайтай:

Улаанбаатар хотын төв, тэг цэгээс урагш 5 км

Дурсгалтай холбоотой бусад мэдээлэл

 

Дурсгалын дэргэд ямар арга хэмжээ, тэмдэглэлт үйл явдал болдог вэ?

  • V/09 Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын энэ өдөр хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа болдог.

 

Дурсгалын ойролцоо өөр ямар дурсгалуудыг үзэх боломжтой вэ?

  • Зайсан толгойн арын талбайд – Танктай хөшөө
  • Баруун хойд талд 300 метр зайд – Бурхан багшийн сэрэг дүр
  • Баруун талд 400 метр зайд – Соёмбот толгой
  • Зүүн талд 500 метр зайд – Чингис хааны хөрөгтэй толгой

 

Дурсгалын орчимд үзвэр, үйлчилгээний ямар газрууд байдаг вэ?

  • Баруун хойд талд, Зайсангийн гудамжны баруун талд – Богд хааны ордон музей
  • Баруун хойд талд – ХААИС

АЖИЛЧНЫ АЛДАР ХӨШӨӨ

Товч түүх

1

Дурсгалын нэр:

Ажилчны алдар хөшөө

2

Бүтээсэн он:

1989 он

3

Бүтээгч:

Б.Хийморь

4

Хэнд, ямар үйл явдалд зориулсан:

1934 онд Улаанбаатар хотод Монголын анхны аж үйлдвэрийн комбинат байгуулагдсанаар ажилчин анги бий болсон гэж үздэг. Энэ ажилчин, хөдөлмөрчин хүмүүст зориулан бүтээсэн.

5

Яагаад бүтээсэн:

Ажилчин анги бол социализмын нэг бэлгэ тэмдэг байв. ХХ зууны монголын шинэ нийгмийг байгуулахад ажилчин анги чухал үүрэг гүйцэтгэсэн. Сэхээтэн, ажилчид эв сэтгэл нэгтэй бол бүхнийг бүтээж чадна гэсэн утгыг агуулан энэ хөшөөг бүтээсэн.

6

Хэн захиалсан:

Хотын захиргаа

7

Хөшөөг энэ газарт босгох болсон шалтгаан:

Ажилчны район буюу одоогийн Хан-Уул дүүрэгт Монголын анхны аж үйлдвэрийн комбинат байгуулагдаж, Социализмын үед энэ дүүргийг аж үйлдвэрийн бүс болгон хөгжүүлж байсан тус газарт хөшөөг босгосон.

 

Онцлог: (энэ бүтээлээр юуг харуулахыг зорьсон)

Монгол Улсад ажилчин анги бий болсныг харуулсан бүтээл бөгөөд ажилчин анги нэг хүсэл, зорилгын дор хамтын эв санаа, зүтгэлээр хамтдаа бүтээдэг гэсэн санааг ажилчин ангийн төлөөлөл болсон хөдөлмөрчид хамтдаа  урагш алхаж буйгаар дүрслэн харуулсан. Мөн зөвхөн социалист ажилчин ангийг биш, дэлхийн нийтийн ажилчин ангийг энэ бүтээлээр төлөөлүүлэн харуулахыг зорьсон. Монголын орчин үеийн анхны авангард хөшөө.

 

Хамгаалалтын зэрэглэл:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан.

Дурсгалын шинж байдал, иж бүрдлийн тодорхойлолт:

 

Хөшөөний иж бүрдэл:

Баримал нь чулуун суурь, түүний дээрх зэс хөөмөл баримлаас бүрддэг.

 

Материал:

Зэс, чулуу

 

Хийсэн арга, техник:

Зэс хөөмлийн аргаар хийсэн.

 

Загвар, хийц:

Авангард

 

Дүрслэл:

Чулуун суурийн дээр зэс хөөмлөөр хамтдаа урагш алхаж буй ажилчин ангийн төлөөлөл болсон найман хүнийг дүрсэлсэн.

 

Хэмжээ:

Урт: 6.6 метр

Өндөр: 3.2 метр

Өргөн: 3.6 метр

Байршил

 

Байршил:

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөний хойд талд, 19 дүгээр буудлын хойд талын талбайд байрладаг.

 

Солбилцол:

N47 53 57.5
 E106 53 58.7

 

Хотын төв цэгээс аль зүгт, хэр зайтай:

Улаанбаатар хотын төв, тэг цэгээс баруун урагш 3 км

Дурсгалтай холбоотой бусад мэдээлэл

 

Дурсгалын ойролцоо өөр ямар дурсгалуудыг үзэх боломжтой вэ?

  • Зүүн урд талд 1 км зайд – Монголын сүүлчийн хааны амьдарч байсан “Богд хааны ногоон ордон”
  • Зүүн урд талд 3 км зайд – Зайсан толгой, түүний дээрх Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө цогцолбор, Бурхан багшийн сэрэг дүр
  • Зүүн хойд талд 1.8 км зайд – Энхтайвны гүүр

 

Дурсгалын орчимд үзвэр, үйлчилгээний ямар газрууд байдаг вэ?

  • Зүүн урд талд 1 км зайд – Богд хааны ордон музей
  • Зүүн урд талд 1 км зайд – Монголын уламжлалт анагаах ухааны музей (Богд хааны музейн баруун талд)
  • Зүүн талд 2 км зайд – Төв цэнгэлдэх хүрээлэн
  • Зүүн талд 3.3 км зайд – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж