Богд хааны ордон музейн шувууны чихмэлийг засварлана

Хуучирсан мэдээ: 2016.07.29-нд нийтлэгдсэн

Богд хааны ордон музейн шувууны чихмэлийг засварлана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Богд хааны ордон музей, Герман улсын Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музей хамтран Богд хааны ордон музейд хадгалагдаж буй шувууны цуглуулгыг сэргээн засварлах ажлыг хийхээр болжээ. Уг цуглуулга нь 1901 онд Богд хааны захиалгаар Герман улсын Хамбург хотод хийгдсэн, Монгол оронд байдаггүй дэлхийн олон тивийн сонирхолтой амьтдын чихмэлийг багтааснаараа тун онцлог юм. 

Тухайн үед танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байсан энэхүү цуглуулга нь одоо Богд хааны ордон музейн өвлийн ордонд дэглэгдэн үзэгчдийн хүртээл болсоор байдаг сонирхолтой үзмэр.

Нийгэм цаг үеийн хурдацтай хөгжил, үйлдвэржилт, хотжилт гэх мэт олон шалтгааны улмаас дэлхий дээр зарим амьтдын төрөл зүйл ховордох, улмаар устаж үгүй болох аюулд хүрч байгаа өнөө үед одоогоос 115 жилийн өмнө хийгдсэн Богд хааны цуглуулгын чихмэл амьтдын дотор устаж үгүй болсон амьтан ба түүний төрөл зүйл байхыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс ч энэ амьтдын цуглуулгын шинжлэх ухааны болон танин мэдэхүйн олон талын үнэ цэнэ, ач холбогдол улам бүр өсөж нарийвчилсан судалгаа шинжилгээ, засварлалтыг шаардаж байна. 

Богд хааны ордон музейн чихмэл амьтны цуглуулгад 200 шахам амьтны чихмэл багтдаг. Санамж бичгийн хүрээнд талууд сэргээн засварлалын ажлыг практик сургалт зохион байгуулах замаар хэрэгжүүлнэ. 

Сургалтыг Герман улсын Герлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн чихмэлчид удирдана. Сургалт нь хоёр үе шаттай зохион байгуулагдах аж. Санамж бичигт Монголын талыг төлөөлж Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, Германы талыг төлөөлж Герлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн Зоологийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Хэрман Анзорге нар гарын үсэг зурна.

Уг ёслолын ажиллагаа өнөөдөр 14.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны танхимд болно. 

ЭХ СУРВАЛЖ: 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж