В.Ундраа: Миний уран бүтээл гэр бүлд зориулагдсан

Хуучирсан мэдээ: 2016.07.27-нд нийтлэгдсэн

В.Ундраа: Миний уран бүтээл гэр бүлд зориулагдсан

Гэр бүлийн аз жаргал, хайр сэтгэл, амьдралын хамаг л сайхан өнгө бүхнийг өгүүлэх нэгэн үзэсгэлэн энэ сарын 25-нд “Централ Тауэр”-ын хоёр давхарт дэлгэгджээ. “Уран зураг нь гэр бүлд үргэлж өнгө гэрэл, эерэг энерги үүсгэж байдаг” хэмээн өгүүлэх зураач В.Ундраагийн “UNDRA-2016” үзэсгэлэн сарын турш гарах юм байна.

Ингээд зураач В.Ундраатай ярилцлаа.

-“UNDRA-2016” үзэсгэлэнд 10 гаруй уран бүтээлээ дэлгэжээ, энэ тухайгаа тодруулахгүй юу?

-Энэ жилийн үзэсгэлэнд 12 уран бүтээлээ дэлгэлээ. Өнгөрсөн жил мөн “Централ Тауэр”-т үзэсгэлэн гаргаж байсан, түүний үргэлжлэл болгон энэ жил гэр бүл, эвтэй дөрвөн амьтдын цувралуудаасаа дахин сонирхуулж байна. Би эвтэй дөрвөн амьтныг илүү олон хувилбаруудаар зурахыг хичээж байгаа. Энэ сэдвээр зурах дуртай болохоор уран бүтээлээ хийснээ ард түмэндээ тайлагнаж, жилдээ нэг үзэсгэлэн гаргаж буй минь энэ.

-Эдгээр бүтээлүүдийн ихэнх нь аз жаргалтай гэр бүл, эвтэй дөрвөн амьтдын цуврал зургууд харагдсан. Ийм сэдэвтэй хэчнээн цуврал уран бүтээл байдаг вэ?

-2012 оноос хойших бүх уран бүтээлийн ихэнхийг гэр бүлийн аз жаргал, эвтэй дөрвөн амьтны цувралууд эзэлдэг. Ер нь бол энэ талын сэдэвтэй зураг тоогоо алдсан гэж хэлж болно. Одоогоор эвтэй дөрвөн амьтны 20 цуврал зураг гарсан. Гэр бүлийн сэдэвтэй зурагнуудын тоог сайн мэдэхгүй байна. Цаашид ч энэ сэдвээр зурахыг хүссэн маш олон санаа байна.

Зураач В.Ундраа

-Эвтэй дөрвөн амьтдыг бүр үр зулзагатай нь зурчихсан байсан шүү дээ?

-Тийм ээ. Эвтэй дөрвөн амьтныг гэр бүлтэй, өнөр өтгөн болгож зурсан. Өөр зурагдаагүй олон санаа бий. Энэ сэдвээ үргэлжлүүлсээр байх болно.

-Уран бүтээлүүдийг тань ажиглахад өнөр өтгөн болохыг билэгшээсэн олон зураг байсан. Та шүтлэгтэй юу?

-Би шүтлэггүй. Энэ миний өөдрөг үзэлтэй холбоотой байх.

-Мөн таны “Улаан нар” уран бүтээл их өвөрмөц санагдсан. 12 жилийг тойроод бие биенээ дайлж байгаагаар дүрсэлсэн?

-12 жилийг бас өөр өнцгөөс харуулахыг хичээсэн бүтээл. Тэд эвтэй найртай нэг ширээн дээр амттай, дуртай зүйлсээрээ нэг нэгнээ дайлж байгаа тухай зурсан. Манай хүү энэ бүтээлд их дуртай. “Ээжээ энэ миний жил. Энэ нь аав, ээж, эгчийн жил байна” гээд ярьж өгдөг. Ер нь хүүхдүүд миний бүтээлүүдийг хараад “Энэ ингэж байна. Тэгж байна” гэж их ярилцдаг шүү.

Зураач В.Ундраа

-Энэ удаагийн үзэсгэлэнд дэх уран бүтээлүүдийг сонирхсон хүмүүс нь худалдан авах боломжтой гэв үү?

-Тийм ээ. Зурагнуудыг маань сонирхсон хүмүүс “Централ Тауэр” дахь галерейн хүмүүстэй холбогдон худалдан авч болно. Ер нь миний ихэнх бүтээл айл гэрт зориулагдсан учраас хүмүүс ихээр сонирхон захиалдаг юм.

Зураач В.Ундраа

-Хүүхдэд зориулсан комик ном гаргах хүслээ биелүүлсэн гэж дуулсан. Хоёрдугаар дэвтэр нь хэзээ гарах вэ?

-Энэ жил хүүхдэд зориулсан “Сайн мууг ялгая” комик номын зураг дээр ажилласан. Удахгүй хоёр дугаар дэвтэр нь хэвлэлтэд орно. Мөн нэгэн зорилтот бүлгийн гэр хорооллын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан 60 сайн дадал хэвшлийн талаарх ном энэ сард хэвлэгдсэн байгаа.

А.ЦЭЭСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж