Д.Банди: Сэрэмж хэзээ ч илүүдэхгүй

Хуучирсан мэдээ: 2016.07.29-нд нийтлэгдсэн

Д.Банди: Сэрэмж хэзээ ч илүүдэхгүй

Зуны XXXI олимпийн их наадам Бразилийн Рио Де Жанейро хотод эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Манай улсаас энэ удаагийн наадамд түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 42 тамирчин оролцох эрхийг аваад байгаа юм. Тэд эхнээсээ Бразил улсыг зорьсон бөгөөд өнгөрсөн ням гарагт боксын шигшээ багийн тамирчид багш, дасгалжуулагчийн хамт эх орноосоо хөдөлсөн билээ. Өөрөөр хэлбэл, МСБХ-ны Дэд ерөнхийлөгч, Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан тэргүүтэй Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяраас гадна 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нарын зургаан тамирчин тус улсыг зорьсон. Тэгвэл хүн төрөлхтний спортын их наадам, "Рио-2016" олимпод эх орноо төлөөлөн оролцох ширэн бээлийтнүүдийн маань бэлтгэл хэр хангагдсан талаар Ардын багш Д.Бандиас дараах зүйлийг тодрууллаа.


-Хэдхэн хоногийн дараа "Рио-2016" олимпийн наадам эхлэх гэж байна. Хамгийн эхний тулааныг ширэн бээлийтнүүд маань хийнэ. Яг энэ цаг үед та дотроо юу бодож байх юм бэ?

-Олон зүйл бодогдож байна. Гэхдээ юу, юунаас илүү тамирчид маань амжилт гаргаад эх орондоо ирээсэй гэж хүсч, залбирч байна даа. 

-Тэгэлгүй яах вэ, бүгд л догдолж, бас амжилт гаргахыг нь хүлээж суугаа нь лавтай. Боксийн төрөлд зургаан тамирчин оролцох эрх авсан. Бүгдээрээ л таны шавь байх, тийм үү?

-Бид энэ удаагийн Бразилд болох “Рио-2016” олимпод боксын төрөлд зургаан эрх авсан. Өөрөөр хэлбэл, зургаан шавь маань олимпод эх орноо төлөөлөн оролцохоор Бразил улсыг зорилоо. Нөгөөтэйгүүр боксын төрөлд анх удаа, түүхэндээ хамгийн олон эрхийг авсан олимп болох гэж байна шүү дээ. 

-Тамирчдын маань бэлтгэл хэр хангагдсан бэ. Тэд бүгд медалийн тавцанд зогсох боломжтой юу?

-Бүгд л бэлтгэлээ сайн хангасан. Чи бод л доо. Олимпийн зургаан эрхийг монголчууд авна гэдэг чинь тамирчдын бэлтгэл хангалттай сайн байна гэсэн үг шүү дээ. Удахгүй олимпийн наадам эхлэх гэж байна. 
Эрх авсан тамирчид маань бүгд үлдсэн цөөхөн өдрөө сэтгэл санаанаас эхлүүлээд бие бялдрынхаа тохироог л сайн хийх хэрэгтэй дээ. Ингэж чадвал бүгд л медаль авах боломжтой. Дээр нь тэмцээн хэр шударга, үнэн явагдахаас шалтгаалах байх.

-Юу гэсэн үг вэ?

-Мууг зөгнөж байгаа юм биш ээ. Сэрэмж хэзээ ч илүүдэхгүй. Их том наадам шүү дээ. Олимпийн шүүгчдийн ажиллагаа зөв байгаад дээр нь манай шүүгчид тамирчдынхаа амжилтыг сайн хамгаалж чадвал амжилт ойрхон байна даа. Хамгийн гол нь, дасгалжуулагчид маань тамирчдынхаа бэлтгэл болон сэтгэл санаа зэргийг нь тааруулах хэрэгтэй. 

-Тактикаа зөв боловсруулах нь чухал гэж үү?

-Ерөөсөө л наадах чинь шүү дээ. Дахин хэлэхэд хэн нь ч медаль авах бүрэн боломжтой гэж харж байна. Ийм л хэмжээнд бэлтгэл, сургуулилтаа хийсэн. 

-Ингэхэд таны утасны дугаарыг лавлахаас авч болдог юм билээ?

-Тийм ээ. 

-Боксоор хичээллэхийг хүссэн олон хүн залгана биз?

-Өө, тэгэлгүй яах вэ. Өдөр болгон шахуу л залгадаг. Ер нь, 2008 оны Бээжингийн олимпоос хойш боксын спортыг ялангуяа хүүхдүүд их сонирхож, хичээллэх болсон. Аав, ээж нь хүртэл хүүхдээ хөтлөөд ирдэг болжээ. Өөрсдөө хүртэл утсаар яриад хүрээд ирдэг болсон байна. 

Ямартай ч дараа дараагийн үеэ бэлдээд л байгаа юм байна шүү дээ?

-Зөв өө, зөв. Даан ч нэг бэрхшээл байх юм. 

-Ямар бэрхшээл вэ?

-Боксоор хичээллэх хүн олон байна. Гэвч боксын заал их ховор байх юм аа. Түүнээс боксоор хичээллэж, амжилт гаргах тамирчин олон болжээ. Газар сайгүй бэлтгэл хийх заал байгуулж, дасгалжуулагч ажиллуулах юм бол амжилт гаргах хүүхдүүд бий шүү.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж