Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази-Номхон далайн бүсийн орнуудын иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 53 дугаар хурал ирэх наймдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка улсын Коломбо хотноо зохион байгуулагдах гэж байна.
Жил бүр зохион байгуулагддаг уг хуралд ICAO-ын гишүүн, Ази-Номхон далайн бүсийн 51 орны иргэний нисэхийн удирдах байгууллагын дарга, удирдлагууд оролцох юм. Тус хуралд манай улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцохоор ирэх долоо хоногт мордох болжээ.
Дээрх хурлаар өнгөрсөн онд зохион байгуулагдсан 52 дугаар хурлаас хойш ICAO-аас авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэл, арга хэмжээ, бүс нутгийн хэмжээнд тулгарч буй шийдвэрлэх асуудлууд, шинэ техник, технологи танилцуулах, ирэх жилд зохион байгуулах хурлын бэлтгэл ажил, хурлын тов тогтоох зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэх юм байна.
Энэ удаагийн хуралд Монголын Иргэний нисэхийн ерөнхий газраас өндөр ач холбогдол өгөн оролцох аж. Учир нь 2017 онд 54 дэх хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг аваад байгаа юм. Тиймээс бага “АСЕМ” хэмээн нэрлэгдэж буй Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурлыг зохион байгуулагчийн хувьд энэ удаагийн хуралд хэрхэн оролцох талаар Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-аас зөвлөмж ирүүлжээ.
Тухайлбал, энэ удаагийн хуралд оролцохдоо ирэх жил зохион байгуулах хурлын бэлтгэл ажлын талаар олон улсын төлөөлөгчдөд мэдээлэл өгч илтгэл тавих, хурлын сэдвийг хэлэлцэх, 51 орны төлөөлөгч бүрийг албан ёсоор урих, эх орноо сурталчилах, уригдах зочдын нэрсийн жагсаалтын мэдээлэл, хурлын суудлын зохион байгуулалтын зургийг танилцуулах талаар зөвлөмжид дурдсан байна. Түүнчлэн ирэх жил Улаанбаатар хотноо 54 дэх хурлыг зохион байгуулахын хувьд ИНЕГ-ын даргыг Коломбо хотноо болох энэ удаагийн хурлын Дэд даргаар сонгох тухай мэдэгджээ.
Монгол Улсын хувьд ирэх оны наймдугаар сарын 7-11-ний өдрүүдэд Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурлыг удирдан зохион байгуулахаар төлөвлөж буй. Тиймээс энэ удаагийн хуралд агаарын навигацийн чиглэлээр 4 мэдээлэл, хурал зохион байгуулахтай холбоотой 1 хэлэлцүүлэг бэлтгэн оролцож байна.
Мөн Монгол Улс, Иргэний нисэхийн байгууллагын талаар танилцуулах, сурталчлах, хурлын вэб хуудсыг нээх, , Монгол Улсад 54 дүгээр хурлыг удирдан зохион байгуулах эрх буюу ICAO-аас хурлын туг хүлээн авах зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах тул хурлын хөтөлбөрийг харгалзан нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, агаарын навигаци, нисэх буудал, зохион байгуулалт хариуцсан нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцохоор болсон. Өнгөрсөн онд Филиппин улсын нийслэл Манила хотод болсон 52 дугаар хуралд мөн 8 хүний бүрэлдэхүүнтэй оролцохдоо “Бүсийн Нисэхийн мэдээллийн менежментийг сайжруулахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн нь оролцогчдын сонирхлыг татаж олон улсад Монголын иргэний нисэхийн салбар өндрөөр үнэлэгдэж байсан билээ.
Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын хурлын хөтөлбөр болон зохион байгуулагч талаас ирүүлсэн урилгын дагуу уламжлал ёсоор тус газрын дарга гэр бүлийн хүний хамт оролцох ёстой байдаг бөгөөд хурал зохион байгуулагч тал тусгай хөтөлбөр гаргадаг байна.
Г.ХОРОЛ