Хүүхдийн урлан бүтээх төвийн замын эсрэг талд байрлах хуучны ягаан байшингийн хоёр давхарт “Монголын бөмбөрчдийн холбоо” байрлах ажээ. Зургаан номерын онгорхой хаалгаар шагайвал бидний сайн танил нэгэн эрхэм угтав. Энэ эрхмийг “Харанга”-ын Пүүжээ буюу Н.Пүрэвдаш гэдэг. Түүний жижиг өрөөний шалаар нэг бөмбөр хөгжмийн иж бүрдэлүүд хөглөрч харагдана. Тэрээр энэ сарын 30-нд болох “Алдрын од” хүндэтгэлийн тоглолтодоо бэлдээд, ажил ихтэй буйгаа хэлж байлаа.
–Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртсэн. Танд болон танай хамтлагийнханд баяр хүргэе?
-Манай хамтлагийн хувьд “Алдрын од” одон асар үнэ цэнэтэй шагнал юм. Учир нь энэ олон жил хугарч, нугарахгүйгээр хөгжимдээ үнэн сэтгэлээ зориулж явсан бидний хөдөлмөрийг үнэлж буй үнэлэмж юм болов уу. Хамтлагийнхан маань Харанга гэдэг нэрэн дор нэгдээд 28 жил болчихжээ. Тэрнээс өмнө 1977 онд бүгд нэг дор цугласан түүхтэй.
-Харанга хамтлагийг 1989 онд Драмын театрын дэргэд байгуулагдаж байсныг мэднэ. Харин тэрнээс өмнө 1977 онд хэрхэн танилцаж байсан тухай дурсахгүй юу?
-Тухайн үед цэргийн албыг заавал хаах ёстой гэсэн хуулийн дагуу манай хамтлагийн Ц.Чулуунбат, Я.Одсүрэн, Ц.Энхманлай гурав цэргийн албанд татагдан ирсэн. Тэр үеийн ардын армийн Үлгэр жишээ үндэсний найрал хөгжмийн хамт олон давуу эрхтэйгээр шилдэг цэргүүдийг авч ажиллуулдаг байлаа. 1977 оноос эхлээд Манлай, Оогий, Чука бид дөрөв чинь “Соёмбо” гэдэг нэртэй хамтлаг байгуулаад үлгэр жишээ үлээвэр найрал хөгжийн дэргэд тоглож байгаад 1989 онд Лхагваа маань нэмэгдэж орж ирснээр “Харанга” гэдэг нэрийг албан ёсоор өгсөн юм. Энэ цаг үеэс эхлэн бидний үерхэл нөхөрлөл эхэлж, урт хугацааны түүх болсон замын эхлэлийг тавьсан. Би 1976 оноос эхлэн армидаа 19-н жил 8 сар ажиллаад 1989 онд “Харанга” хамтлагт ороод өдийг хүртэл тасралтгүй энэ хамтлагтайгаа хамт, энэ хөгжмийн урлагтаа зүтгэж явна.
–Таныг Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчидтэй хамтран баярын парадад оролцсон гэж дуулсан. Хөгжимчидтэйгээ цуг үүрэг гүйцэтгэх сайхан санагдсан уу?
-Би армиас гараад Харанга хамтлагийг байгуулаад явж байхад юм боддоггүй байлаа. Хүн нас ахиад ирэхээр олон зүйлийг бодож, тунгаадаг болдог юм байна. Миний хувьд цэргийн хөгжмийн ч буянаар өнөөдрийг хүртэл явж байна. Энэ жилийн наадмын үеэр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга УГЗ хурандаа Ч.Гансүх надад парадад оролцох санал тавьсан. Тэгээд би энэ саналыг нь дуртай хүлээн зөвшөөрч, шөнийн парадад жагслаа. Манай хамтлаг бэлтгэл ихтэй байсан учраас шинээр бичсэн мантож марш болон төрийн дууллынх нь нотыг аваад, хоёр шөнийн парадад бэлтгэл л хийсэн. Тэгээд долдугаар сарын 10-ны өглөө жагссан даа. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчидтэйгээ хамт хуучны дурсамжаа сэргээгээд сайхан байлаа. Надад олон одон медаль бий. Тэр медалиудаа зүүх боломж энэ үед л гарсан.
-Ирэх намраас Москва хотыг зорино гэсэн үү?
-Ирэх сарын 1-нээс 4-ний хооронд ОХУ-ын Москва хотноо Олон улсын цэргийн үлээвэр хөгжимчдийн том наадамд оролцоно. Харанга хамтлагийн “Алдрын од” хүндэтгэлийн тоглолтын дараагаар энэ наадмынхаа бэлтгэлд орно. Би ирэх сарын наймнаас эхлэн бэлтгэлээ хийнэ дээ. Манай хамтлагийн Оогий “Москва хотод тоглолт хийгээд, улаан талбайгаар нэг алхчихвал амьд явсны хэрэг бүтлээ ” гэдэг байсан. Тэгсэн би одоо “Улаан талбайд очиж, жагсаж байлаа” гэж хэлэх гээд байна шүү дээ. /инээв/ Миний хувьд их баяртай байгаа.
– Харанга хамтлагийн хүндэтгэлийн тоглолт болох гэж байгаад баяртай байгаа ч зарим хүмүүсийн сэтгэлд бяцхан гуниг төрүүлээд ч байх шиг?
-Харанга хамтлаг харьж цуцах болоогүй байгаа. Манай хамтлагийн хувьд “Бид өмнө нь босгосон гавьяагаар амьдрахгүй” гэсэн ганцхан зарчим бий. Тэгэхээр бид “Алдрын од” одонг хүртсэнээр өндөр хариуцлага хүлээж байна гэсэн үг. Энэ их зан биш шүү. Харин өшөө олон жил уран бүтээлээ хүргэж, мөлхөөд ч гэсэн хөгжмөө тогло гэсэн урам өглөө гэж ойлгож байна. Түүнээс биш хүртэх ёстой шагналаа хүртээд, урлагийн тайзнаас бууж байгаа гэсэн үг биш.
– “Алдрын од” хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл гээд завгүй явна уу. Харангын хэчнээн уран бүтээл эгшиглэх бол?
-Манай хамтлагийнхан өчигдрөөс тоглолтын бэлтгэлдээ орсон. “Алдрын од” хүндэтгэлийн тоглолтоор Харанга хамтлаг 30 минут дуулна. Харин бусад рок попын уран бүтээлчид Харангын дууг дуулах юм. “Алдрын од” тоглолт биднийг тэтгэвэртээ суу гэж өгч байгаа шагнал биш. Тиймээс бид ийм ойлголт төрүүлэхгүй нь тулд хэчнээн цагаар ч дуулмаар байна. Гэхдээ зохион байгуулж байгаа газрын хөтөлбөрийг хүндэтгэхээс өөр аргагүй. Харанга хамтлаг сая Төв аймгийн наадмаар бороо шаагин орж байхад тоглосон. Мөн өвөл арванхоёрдугаар сард Ховд аймгийн төв талбайд орой долоон цагаас 10 цаг хүртэл амьдаар тоглож л байсан. Хамтлагийн тоглолтуудыг маань үздэг үзэгчдийн маань сайхан энерги бидэнд үргэлж эрч хүч өгч байдаг.
-“Харанга”-аас Ц.Энхманлай л тоглолтоо хийгээгүй байгаа бил үү?
-Тийм. Ц.Энхманлай шинэ цомгийн ажлаа дуусгаад, тоглолт хийх байх. Хоёр жилийн дараа 30 жилийн ой болно. Тэр үед бид тайзан дээрээ үсчээд явж байх байлгүй.
– Харанга хамтлагийн бөмбөрчин Пүүжээг “Монголын номер нэг бөмбөрчин” гэдэг. Бөмбөр гэгч хөгжимтэй хэрхэн амьдралаа холбож байв?
-1971 онд тавдугаар ангиа төгсөөд Цэргийн үлээвэр найрал хөгжимд шалгуулж бөмбөрчин болж байлаа. Тэр мөчөөс хойш 46 жил бөмбөр хөгжимд суралцаж байна. Одоо ч гэсэн суралцсаар л явна. Би бөмбөр хөгжмөө үргэлж арчилж, эрэг шургын тосолж, өнгөлдөг. Өрөөнд байгаа энэ бөмбөрийг Гэрэл төвийн захирал надад 1997 онд бэлэглэж байлаа. Тухайн үедээ Бээжингээс 380 ам.доллараар авч байсан санагдана. Энэ маань надтай хамт 20 жилийг үдэх гэж байна. Миний хувьд бөмбөр хөгжмөө угсарч, хураахдаа хүртэл өөрөө л хураадаг.
-Харанга хамтлагийнханыг урт үс, савхин хүрэмгүйгээр төсөөлөшгүй. Энэ стильдээ хэзээд үнэнч байсаар ирсэн?
-Миний хувьд амьдралын хэвшмэл загварт баригдаж, дээл, костьюм өмсөөд л байхыг хүсдэггүй. Би амьдралдаа ховорхон костьюм өмсдөг. Өмсөөд ч надад зохидоггүй юм. Аль болох чөлөөт хувцас өмсөхийг эрхэмлэдэг. Залуу байсан шиг төмөр гархи зүүхээ больсон. Яваандаа бүх юм л хүндрээд байгаа юм шиг санагдах болжээ. Мөн би өөрт таалагдсан биед эвтэйхэн хувцасаа л өмсдөг.