Дэлхийн супер гүрний нэг болох АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөх хүмүүсийн нэр тодорхой боллоо. Арваад хоногийн өмнө БНН Кливленд хотноо Их хурлаа хийж Дональд Трампыг сонгуульд нэр дэвшигчээр зарласан бол өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам Пенсильванид мөн Их хурлаа хийж Хиллари Клинтоныг нэр дэвшигчээр зарлалаа.
БНН-ын нэр дэвшигч энэ жил 79 настай бол Ардчилсан намын нэр дэвшигч ирэх жил 70 нас зооглоно. Хоёр нэр дэвшигчийн амьдралын замнал дэндүү хол зөрөөтэй. Хуульч мэргэжилтэй Хиллари насан туршдаа төрийн төлөө, нийгмийнхээ сайн сайхны төлөө ажилласан бол Дональд бизнес хийж, зугаа цэнгэлийн салбарт нэрээ дуурсгаж явсан нэгэн. Хиллари бол АНУ-ын тэргүүн хатагтай байж үзсэн, мөн одоогийн ерөнхийлөгч Барак Обамагийн эхний бүрэн эрхийн хугацаанд Төрийн нарийн бичгийн өндөр албан тушаалыг хашиж явсан. Тэрбээр АНУ-ын шилдэг хуульчдын жагсаалтад хоёр ч удаа багтаж байсан, мөн дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйн жагсаалтад нэг бус удаа багтаж байсан.
Ардчилсан нам Хиллари Клинтоныг нэр дэвшигчээр албан ёсоор зарласнаар АНУ-ын түүхэндээ анх удаа ерөнхийлөгчийн сонуульд эмэгтэй хүнийг дэвшүүлсэн явдал боллоо.
Хиллари Клинтоны сонгуулийн гол уриа нь “Хамтдаа бид хүчтэй”. Өнгөрсөн долоо хоногт болсон намынхаа их хурлын үеэр хэлсэн үгэндээ намаа эв нэгдэлд уриалж, мөн өрсөлдөгч Дональд Трампын эсрэг нэгдэхийг уриалсан. Учир нь, түүний хэлсэнээр Трамп бол америкчуудыг хагаралд уриалж байгаа ажээ. Хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол Хиллари шинээр ажлын байр бий болгож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж, нийгмийн төрөл бүрийн давхаргынхны цалингийн ялгааг аль болох багасгахаас гадна санхүүгийн салбар болон эрүүгийн хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийхээр амалсан. Мөн АНУ-д тулгамдсан асуудал болоод байгаа зэвсэг эзэмших талаар шинэ журам боловсоуулж, үндэсний үйлдвэрлэлээ худалдааны тэгш эрхтэй гэрээ байгуулах замаар хамгаална гэв. Мэдээж Исламын улс бүлэглэлтэй үр дүнтэй тэмцэж ялалт байгуулна гэдгээ сонгогчдод амлаад байгаа.
АНУ-ын хоёр гол намын нэр дэвшигчид нэг нэгнийхээ байр суурь, үзэл бодлыг олны өмнө илтээр шүүмжилж, нэг нэгнийгээ гутаахаас буцахгүй байна. Хиллари Дональдын талаар “Түүнд ер нь ямар ч шийдвэр байхгүй шүү дээ” гэсэн бол Дональд Хилларигийн талаар “Биллийг хангаж чадахгүй хүн яаж америкчуудыг хангах юм бэ” гэсэн үгсийг хэвлэлүүд өлгөн авч байна. Үнэхээр Хилларигийн нөхөо Билл Клинтон ерөнхийлөгч байх хугацаандаа өөр хүүхэнтэй орооцолдсон хэрэг олны дэнд шуугиан тарьж, энэ асуудлаар Конгресс ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хурааж байсан билээ.
Гадаад бодлогын хувьд ч хоёр нэр дэвшигчийн байр суурь хол зөрөөтэй байна. Тухайлбал, ОХУ-ын талаах байр суурь. Дональд оросуудад, ерөнхийлөгч Путинд илтэд талтай байгаа бол Хиллари ОХУ-ыг аюул хэмээн үзэж байгаа.
Өмнөх 2012 оны сонгуулийн өмнө Дональд Трамп нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдэж олныг алмайруулж байсан юм. Харин тэрбээр энэ удаа хэлсэнээ хэрэгжүүллээ.
А.ШАРАВ