Волейбол: Амжилтын эзэн А.Мөнхбаяртай танилцаарай

Хуучирсан мэдээ: 2016.08.02-нд нийтлэгдсэн

Волейбол: Амжилтын эзэн А.Мөнхбаяртай танилцаарай

Азийн волейболын холбооноос 2016 оны Зүүн Азийн найман үндэсний холбоодын дунд эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг БНХАУ-ын Жанжиаганг хотноо долоодугаар сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. Тус тэмцээний үеэр Азийн волейболын холбооны Зүүн бүсийн үндэсний найман холбоод оролцсон хурал болсон. Энэхүү хурлаар 2017-2019 онуудад Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн.

Хурлын шийдвэрийн дагуу 2017 онд Азийн Зүүн бүсийн эрэгтэйчүүдийн АШТ-ийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг өгсөн бөгөөд энэхүү хуралд Монголын волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар оролцсон юм.

Манай улсын хувьд Азийн Зүүн бүсийн тэмцээнийг дөрөв дэх удаагаа зохион байгуулахаар болоод байна. 1998 оноос эхлэлтэй Азийн Зүүн бүсийн тэмцээн 2000, 2008 онуудад Улаанбаатар хотноо зохиогдож, эмэгтэй баг мөнгө, хүрэл медалийг хүртэж байсан. Тэгвэл 2015 онд эрэгтэйчүүдийн тэмцээнийг анх удаа зохион байгуулж, Монголын баг дөрөвдүгээр байрыг эзэлсэн.

2015 оны тэмцээнд Монголын багийн ахлагчаар спортын мастер А.Мөнхбаяр сонгогдсон юм. Ингээд бид цувралаар энэхүү тэмцээнд оролцсон Монголын багийн тамирчдын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.


 

Волейболын спортын шинэ үеийн түүхэн амжилтын эхлэлийн эзэн, залуусын төлөөлөл А.Мөнхбаярынх

1927 онд Монголд анх удаа Волейболын спорт үүсч хөгжөөд өдгөө 90 дэх жилтэйгээ золгох гэж байгаа юм. Социализмын үед волейбол үздэггүй, сонирхдоггүй, тоглож чаддаггүй хүн ховор байсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Зах зээл гараад рейтинг нь буураад байсан энэ спортын төрөл сүүлийн 2 жилд олон нийтийн анхаарлыг эрс татаад байгаа. Энэ нь залуучууд ихээр сонирхдог зэргэлдээ сагсан бөмбөгийн холбооны хуваагдал, үл ойлголцолд итгэлгүй болсон олон нийтийн санаа бодолтой ч холбоотой байхыг үгүйсгэхгүй юм.

Өнгөрсөн жил Улаанбаатар хотноо зохиогдсон эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш энэ спортыг сонирхож сургалт, дугуйлан руу зоригсдын тоо эрс нэмэгджээ. Тэмцээний үеэр эхний өдрөө БНХАУ-ын залуучуудын шигшээ багийг 3:0 харьцаагаар буулган авсан нь спорт сонирхогчид төдийгүй Монголчуудын анхаарлыг тэр чигт нь татсан юм. Энэ эрчээрээ явсаар хүрэл медалийн төлөө тоглолт хүртэл хүчээ үзэн дөрөвдүгээр байрт шалгарсан нь Зүүн Азийн тэмцээн дэх “шинэ үеийн” түүхэн амжилт болсон юм. Өмнө 2014 онд элсний волейболын Зүүн Азийн бүсийн тэмцээнээс 3-р байрт шалгаран түүхэн амжилтуудын эхлэлийг тавьж байсан нь саяхан. Дээрх хоёр амжилтын эзэн, шинэ үеийн залуучуудын төлөөлөл, үндэсний шигшээ багийн ахлагч, спортын мастер А.Мөнхбаярынхаас энэ удаагийн дугаараа бэлтгэлээ.

Волейболын спортод 13 дахь жилдээ зүтгэж яваа энэ залуу Дархан-Уул аймгийн Дархан суманд О.Ариунбаяр, Б.Бурмаа нарын ууган хүү болон мэндэлжээ. Түүний гэргийг Эрдэнэбилэгийн Мөнхшүр гэдэг. Мөн волейболын спортоор хичээллэдэг спортын дэд мастер цолтой. Гэрт нь яваад ороход ..цом медалиуд өрөөстэй, хүү нь волейболын бөмбөгөөр тоглочихсон.. ёстой л гэр бүлээрээ энэ спортод “дурласан” гэмээр. Ийнхүү бид цайны ширээний ард яриагаа өрнүүллээ.

“Гавал” А.Мөнхбаяр

Нэгдүгээр ангиа Дархан-Уул аймгийн арван жилийн 9-р сургуулиас эхэлсэн тэрээр элсэн орсон эхний улиралдаа 2-р анги руу дэвшин суралцаж хичээлийн гараагаа эхэлж байсан. Арван жилийн сургуулиа төгсөхдөө математикийн аймгийн олимпиадын медалтай, химийн улсын гурван удаагийн медальтай, 40 улирал онц суралцсан, аймгийн хошой шилдэг хүүхдээр шалгарч байжээ. Химийн багш Ц.Лхагвазаяа, математикийн олимпиадын багш н.Отгонбилэг, анги удирдсан багш Ч.Оюунгэрэл нар түүнийг суурь номын ухаанд амжилтанд хүргэсэн юм. Эрдэм номонд үхэн үхтлээ дурлахыг түүний өвөө болох Дархан хотын аймгийн захиргаа, нийгмийн даатгалд насаараа ажилласан талийгч Ж.Баатар гуай үргэлж захиж байжээ. Мөн сургууль төгссөний дараа, амьдралд хөл тавьсны дараа ч хүн байх ухааныг, шударга зарчимч байх ухааныг, эхэлсэн ажлаа дуусгах ухааныг, хүний итгэлийг алдахгүй байх ухааныг, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх ухааныг, хамгийн гол нь тууштай байх ухааныг зааж сургажээ.

Волейболчин МБ

Арван жилийн сургуулиа төгсөх жилд нь ОУХМ Б.Уранчимэг болон Жайкагийн мэргэжилтэн И.Сатоши нар түүнийг волейболын спортод дурлуулж спорт хүнийг хэрхэн төлөвшүүлдгийг, тэсвэр тэвчээртэй болгодгийг, хамт олон чухал байдгийг зааж сургажээ. Ангийн 3 хүүүхэд аймгийн шигшээ багт тоглодог байсан нь анх түүнийг волейболын секц сонирхох хөшүүрэг болсон байна. Б.Уранчимэг багш хүүхдийг анх бэлтгэлд авахдаа биеийн хөгжил, гар хөлийн урт, алганы хэмжээ гээд харж авдаг байж. Яагаад ч юм Мөнхбаярыг анх очдог өдөр тэрээр түүнд ямар нэгэн хэмжүүр шалгуур тавилгүй авсан гэдэг. Хожим сонсохнээ “ Багш нь чамайг ангийнхантайгаа явж байгаад тэгээд дундаас нь больчих болов уу гэж бодож байсан” гэж анх төрсөн сэтгэгдэлээ хэлж байж.

Элсэн орсны дараа 4 сар хичээллээд өсвөрийн улсын аваргын тэмцээнд хичээл зүтгэлийг нь үнэлэн анх дагуулан явсан нь Мөнхбаярын хувьд цаашид энэ спортоор тасралтгүй хичээллэх үндэс суурийг нь тавьсан байна. Нэмж хэлэхэд, волейболын “тогоонд” орж ирснээсээ хойш тэрээр дууддаг нэр нь МБ болсон байна. Волейболоор хичээллэж эхлэхдээ тэрээр “Өөрийн бие бялдрыг зөв хөгжүүлье, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөе гэсэн зорилготойгоор орж байлаа. Мэргэжлийн хэмжээнд тоглож аймаг, улсын шигшээ багт тоглох хүртлээ явна гэж төсөөлж байгаагүй” гэв.

Зарчимч лидер

Багаасаа л ангийн дарга, багийн ахлагч, ажлын хэсгийн ахлагч гээд хариуцлагатай ажлуудыг хийж байжээ.

Оюутан болоод Монгол Улсын Их Сургуулийн волейболын шигшээ багт орж мэргэжлийн биеийн тамирын багш, заал танхимаар хангаж байсан нь түүнийг амжилтанд хүрэхэд тасрахгүй бэлтгэх бас нэгэн бааз суурь болжээ. Их сургуулиа төгсөх хүртэл Алдар нийгэмлэгээс Эрчим клуб хүртэл дээд лигийг багуудад хичээллэж, тоглож байсан боловч багш дасгалжуулагч нарын хувьд анхаарлыг татсан лидер тоглогч болно гэж төдийлөн анзаарагдаагүй аж. Одоогийн Алтайн барс клубын дасгалжуулагч, тэр үеийн Эрчим клубын тамирчин Б.Мөнхнаран түүнийг багт нь орж ирэхэд түүний хувь хүний чанар, хичээл зүтгэл, хөдөлмөрлөх тууштай занг нь олж харсан гэлцдэг.

Тэнүүн огоо клубыг анх 2011 онд байгуулахад Мөнхнаран, Мөнхбаяр нар ярилцахдаа “Хоёулаа өндөр нуруулаг хүүхдүүдийг хамгийн гол нь сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлнэ шүү. Хэдэн жилийн дараа Монголын волейболыг Азид түвшин ахиулахыг зорино” гэж байжээ. Энэ үеэс Мөнхнаран дасгалжуулагчтай, Мөнхбаяр ахлагч багаа бүрдүүлж зүтгэн одоогоор эрэгтэй 3 баг, эмэгтэй 1 багийг шинээр бий болгоод байна.

Клубын зарим үеийн тамирчдаас нь сураглаж асуухад “ Мөнхбаярыг гаднаас нь анх харахад дуу цөөнтэй, даруухан харагддаг. Гэхдээ яг харьцаад ирэхээр их нийтэч, хүнтэй сэтгэлээсээ ярилцдаг, бусдын төлөө гэсэн сэтгэл нь мэдрэгддэг” гэж байхад багийн тамирчдаас нь асуухад “ Мөнхбаяр ахлагч их зарчимч, цагийн юмыг цагт нь гэсэн байр суурьтай, эхэлсэн ажлын эцсийг үзэхийн төлөө зүтгэдэг” гэцгээж байх жишээтэй.

Шинэ үеийн түүхэн амжилтын эхлэл

Шинэ клуб байгуулагдаад нэг жилийн дараа 2012 онд Монголын Бүх ард түмний спартакиадын аварга, 2013 онд Клубүүдийн аварга болж улмаар тэр жилдээ улсын шигшээ багт дуудагдсан байна. 2013, 2014 онуудад Тайван, Филиппинд болсон Зүүн Ази, Азийн тэмцээнүүдэд оролцон туршлага хуримтлуулж 2014 оны зун Тайваны Каошунь хотод болсон Зүүн Азийн элсний бүсийн аварга шалгаруулах тэмцээнд багийн ахлагчаар яван 3-р байр эзэлсэн нь түүний хувийн төдийгүй Монголын волейболын шинэ үеийн түүхэн амжилтыг эхлүүлсэн явдал байлаа.

2015 онд Монгол улсын шигшээ багийн ахлагчаар сонгогдож, 5-р сард Улаанбаатар хотноо зохиогдсон эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд багаа зөв удирдан зохион байгуулан хүрэл медалийн төлөө тоглолт хүртэл зүтгэж 4-р байр эзэлсэн гээд Монгол улсдаа төдийгүй олон улсад Монголынхоо нэрийг гаргаж яваа хүмүүсийн нэг юм. Цаашид Азийн элсний наадам, Азийн наадам, Зүүн азийн тэмцээн гээд амжилтаа ахиулах цуврал тэмцээнүүд ар араасаа хүлээж буй.

Их ажлын гараа

Их сургуулиа төгсөөд анхны ажлын гараагаа үүрэн телефоны тэргүүлэгч оператор Мобиком корпорациас эхэлж, одоогоор Талх Чихэр ХК-ны Маркетингийн албыг удирдаж байна. Мобикомд байхдаа шилдэг багийн ахлагч, шилдэг борлуулагчийн шагналуудыг хүртэж байж. Тус компани Монгол улсын урдаа байдаг топ компаниудын нэг бөгөөд байгууллагын соёл, үнэт зүйлийг эрхэмлэгч, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа нь явагддаг байгууллага. Эндээс ажлыг гараагаа эхлүүлж амжилтаар үргэлжлүүлнэ гэдэг бол зүгээр ч нэг аавын хүүд заяадаг авьяас биш юм. Талх Чихэр ХК-д анх брэнд менежерээр ороод удалгүй албаны дарга болсон гэнэ. Цаашид тэр албаа өргөжүүлж олон нийттэй харилцах харилцаагаа тэлэх ажлууд их байгааг онцолж байлаа.

Их спортынхоо ажлыг ч мөн алдахгүйгээр клубынхээ ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын волейболын холбооны цол зэргийн комиссын гишүүнээр ажиллаж байна. Волейболыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор анхан болон дунд шатны сургалтыг давхар хичээллүүлж байгаа гэнэ шүү.

Энэ бүхний ард..

Амжилттай яваа эр хүн бүрийн ард сайн эмэгтэй хүн байдаг гэдэг. Харин Мөнхбаярын ард гурван эмэгтэй хүн байдаг гэнэ. Эхнийх нь түүний эмээ талийгч Б.Буянхишиг. МБ мэндэлсэн цагаасаа хойш өвөө, эмээгийн л хүүхэд байж. Тэрээр ярихдаа өвөө нь эрдэм ном, сургаалаа айлдаж эмээ нь энэрэл хайр, халамжаар өсгөсөн хэмээн ярьж суухдаа нүдэндээ нулимстай байсан юм. Дараагийн эмэгтэй хүн бол мэдээж түүний ээж Б.Бурмаа. Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрт сургууль төгссөн цагаасаа хойш механик инженерээс боловсруулах үйлдвэрийн дарга хүртэл одоог хүртэл тууштай, хариуцлагатай, үр бүтээлтэй ажилласаар байгаа нэгэн. Ээжийнх нь талаар асуухад “ Ээж минь бие ухаан хоёрыг маань төрүүлсэн, бас өсгөсөн. Ээж хүнийг л бурхан гэдэг байх” гээд ээжээрээ бахархан суусан юм. Гурав дахь эмэгтэй хүн бол яахын аргагүй оюутан ахуйдаа танилцаж ханилан суусан гэрийн эзэгтэй Э.Мөнхшүр. Тэрээр Өмнөговь аймгийн Манлай суманд Эрдэнэбилэгийн 3 охины отгон охин болон мэндэлжээ. Багаасаа л айлын отгон охин хэмээн эрх танхи өсөөгүй гэнэ. Гэрийн арын албыг хамгийн хариуцлагатайгаар авч явж байсан зарчимч нэгэн гэлээ. Иймдээ ч заяаны хань зам дээр гэгчээр волейболын спортын буянаар ийм сайхан ханьтай учирч амьдралыг хамтдаа туулж яваа юм байна.

Энэ бол зөвхөн эхлэл..

Мэдээж Мөнхбаярын хувьд ажил, амьдрал, их спортын амжилтын гарааны зөвхөн эхлэлүүд гэдгийг тэрээр онцолж байсан юм. Түүний “Өмнөө тавьсан зорилгоо эхлэлийг нь сайн тавина гэдэг бол гүйцэтгэл, үр дүн нь төдий хэмжээгээр илүү өндөр байна гэдэгт үргэлж итгэж хөдөлмөрлөдөг” гэдэг үгээр энэ сурвалжлагаа өндөрлөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж