1997 оны санхүүгийн хямралын тухай бүгд сонссон биз. Энэ хямралын дараагаас Азийн олон компани засаглалаа сайжруулах нь хямралд өртөхгүй байх, хөрөнгөө хамгаалах, илүү өрсөлдөх чадвартай байх, өсөн дэвжих суурь гэдгийг ойлгосон хэмээн Тайландын Захирлуудын ассоциацийн институтын ерөнхийлөгч Бандид Нижатаворн хэлж байна. Нэн ялангуяа Азид компаниуд засаглалаа сайжруулахын тулд өмнөхөөс илүү идэвх гаргах болсоныг Олон улсын санхүүгийн корпорацийн /IFC/ Компанийн засаглалын хөтөлбөрийн зохицуулагч Крис Разук тэмдэглэсэн. Харин Тайландын таван том банкийн нэг Касикобанкны СЕО хатагтай Каттия Индаравижаяа “хямралын үеийн зовлонг дахин биеэрээ туулахыг хүсээгүй учраас манай банк засаглалаа сайжруулахаас өөр сонголт байгаагүй” гэлээ.
Тэгвэл ямар компанийг сайн засаглалтай байна гэж үзэх вэ? Энэ асуултад хариулахын өмнө нэг жишээг авч үзье.2011 оны гуравдугаар сард 7.3 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн цунами Японы Фукушима дахь цөмийн станцыг нөмөрсөн. Хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйл Фукушимад байсан ч тус атомын цахилгаан станцын толгой компани болох TEPCO /Tokyo Electric Power Company/ компанийн засаглалын доголдол энэ осолд нэг гол хүчин зүйл болсон гэж үздэг байна. Тухайлбал, Удирдах зөвлөлийн түвшинд Эрсдлийг тооцоолох бие даасан нэгж байгуулаагүй, Аудитын хорооны дийлэнх гишүүдийг компанийн ажилтнуудаас томилсон, Захирлуудын зөвлөлийн 20 гишүүний хоёр нь л хараат бус захирал бусад бас өөрсдийн компанийнх нь, Японы засаглалын стандартын индексээр энэ компани дөнгөж гурав гэсэн үзүүлэлттэй байсан бөгөөд энэхүү индексийг Японд 10 хүртэл үнэлгээгээр үнэлж, зургаагаас доош орсон нөхцөлд засаглал доголдолтой гэж үздэг, хувьцаа эзэмшигчдийн зүгээс гаргасан компанийн засаглалыг сайжруулах бүхий л саналыг осол гарахаас өмнөх жилүүдэд алийг нь ч хүлээж аваагүй, 1997-2002 оны хоорондох тоо баримтаар салбарын Зохицуулагч байгууллагад дор хаяж 200 удаа худал тоо баримт бүхий тайланг гаргаж өгч байжээ. Эдгээр дурдсан зүйлсийг харахад л цунами болоогүй байсан ч эрт орой хэзээ нэгэн цагт энэ компанид ямар нэг муу зүйл болох нь тодорхой харагдаж байна.
Бүхий л үйл ажиллагааг ном журмын дагуу, харилцан уялдаа хамааралтай, нэг бүтэц нь нөгөөгөө хянаж чаддаг, нээлттэй байж, болохгүй бүтэхгүй зүйлээ ил тодоор хэлэлцэж, олонхийн шийдвэр гаргаж чаддаг байх нь компанийн засаглал. Энд гурван гол оролцогч бий. Хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигчид, хоёрт, захирлууд, гуравт менежерүүд. Энэ гурван тоглогчийн хэн нь хэнийгээ бүрэн эрх мэдэлдээ байлгах учиргүй, харилцан бие биеэ хянах ч эргээд харилцан уялдаатай байх тийм л тогтолцоог бүрдүүлж байж компани өсөн дэвжиж хөгжинө. Загас толгойноосоо өтдөг гэдэг орос ардан үг компанийн засаглалд ихээхэн хамаатай. Удирдөх зөвлөл болон Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хүч тэнцвэртэй бүрдүүлэх, зөвлөлийн бүрэлдэхүүнд мэргэжлийн, мөн хараат бус гишүүдээс бүрдүүлэх нь загас толгойноосоо өтөхгүй байх үндсэн нөхцөл болно. Түүнээс биш олонд алдартай хүний цуглуулга байж таарахгүй. Удирдах дээд түвшинд байгаа хүмүүс бол тухайн компанийн ажилчид, тэдний гэр бүлийн өмнө өндөр үүрэг хүлээсэн хүмүүс.
Компаниуд тогтвортой хөгжиж байж улсын эдийн засаг тогтвортой байна. Тиймээс Компанийн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх нь бүгдээрээ амар амгалан, ажилтай орлоготой амьдрах суурь нөхцөл. Компани байгуулж тоглох биш компани байгуулж ном журмаар өсгөн бойжуулах урлагийг бүхэлд нь Компанийн засаглал хэмээн нэрийдэж буй. Мэдээж энэ талаар онолын олон ном, гарын авлага бий. Хэрвээ та компани байгуулж тоглох гээгүй л бол энэ онолын талаар номын дуу сонсоход буруудахгүй. Улсдаа төдийгүй дэлхийд нэрээ таниулсан олон компани эдүгээ эдгээр ном журмын дагуу л ажиллаж байна. Магадгүй тэдний дийлэнх нь гэр бүлийн жижиг бизнесээс эхэлж байсан байх. Гэвч гэр бүлийн давуу эрхийн бизнес хол явахгүй гэдгийг ойлгож, компанийн засаглалд хөрвөж чадсан учраас л тэд эдүгээ дэлхийд нэрээ дуурсгасан, жилдээ хэдэн тэрбум, хэдэн их наядын хөрөнгө эргэлдүүлдэг магнат болон хөгжиж чадсан нь үнэн.
Гэр бүлийн бизнесийг нэг хэсэг үеэ өнгөрөөсөн гэж үздэг байсан бол одоо дэлхий нийтийн хандлага өөр болж байгаа талаар судлаачид ярьж байна. Өнөөдөр дэлхийн ДНБ-ий 70-80 хүртэл хувийг гэр бүлээрээ удам дамжин эзэмшиж буй компаниуд бүрдүүлж байна. Үеэ өнгөрөөсөн гэж үзэх болсон шалтгаан нь тухайн гэр бүлийн бизнес гурав дахь үеэсээ хойш амжилттай явсан түүх ховор байсантай холбоотой аж. Статистикаас үзвэл гурав үеэсээ хойш амжилттай явсан нь дөнгөж 10 хувь байдаг аж. Харин одоо үед гэр бүлийн эзэмшлийн компанийн засаглалыг сайжруулах хандлагыг барих болжээ. Учир нь, гэр бүлийн компаниуд дээр улс үндэсний, цаашлаад дэлхийн эдийн засаг тогтож байгаа юм.
2016 оны долдугаар сарын 26-27-нд Тайландын Бангкок хотноо Олон улсын санхүүгийн корпорациас зохион байгуулсан Компанийн засаглалыг асуудлаарх сэтгүүлчдийн сургалтаас хийсэн тэмдэглэл.