Хуучирсан мэдээ: 2011.07.12-нд нийтлэгдсэн

Гурвын даваа эхэллээ

Тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улсын 805 жил, Үндэсний эрх чөлөөний
хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмын хүчит
бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.

Энэ жилийн баяр наадамд дархан аварга
Х.Баянмөнх, даян аварга Г.Өсөхбаяр, улсын
аварга О.Балжинням, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Х.Мөнхбаатар,
Д.Азжаргал, Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд П.Сүхбат, Н.Ганбаатар, улсын заан
М.Баяржавхлан, Д.Рагчаа, Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Д.Хишигдорж,
М.Өсөхбаяр, Б.Соронзонболд нарын  тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой
хүчит 1024 бөх зодоглож байгаа билээ.

Наадамд 1024 бөх барилдаж байгаа учраас өчигдөр хоёрын давааны барилдаан нэлээд оройтож, 23.00 цаг хүрсэн байгаа. Хоёрын даваа эхлэхийн өмнө хүчтэй аадар бороо орсон нь ч барилдаан оройтоход нөлөөлсөн юм.

Хоёрын давааны талаар товч мэдээлэл хүргэе. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын начин Д.Лхагвадорж энэ даваанд аймгийн начин С.Ням-Очирт /жүдо бөхийн шигшээ багийн тамирчин/ өвдөг шороодсон байгаа. Түүнчлэн улсын начин Д.Бадамдорж, Н.Баярмагнай, М.Цанлиг, аймгийн арслан М.Бат-Отгон нарын бөхчүүд хоёрын даваанд өвдөг шороодсон.

Өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлсэн гурвын даваанд зүүний магнайг тэргүүлж буй дархан аварга Х.Баянмөнх Дундговь аймгийн харьяат, аймгийн арслан А.Алтанхуягийг амлан барилдаж, өвдөг шороодлоо. Дашрамд сонирхуулахад, энэ жилийн баяр наадамд жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид зодоглож, үндэсний спорт, их баяр наадмаа хүндэтгэж байгаа нь наадамчин олныг баясгаж байна. Тэднээс олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, аймгийн арслан Н.Түвшинбаяр, аймгийн начин С.Ням-Очир нар хоёр даваад байгаа бол аймгийн арслан Х.Цагаанбаатар /дэлхийн аварга/ өчигдөр хоёрын даваанд Завхан аймгийн харьяат, аймгийн заан И.Батсайханд өвдөг шороодсон билээ. Жүдо бөхийн 60 кг-ын жинд өрсөлддөг, залуу бөх Д.Төмөрхүлэгийн хувьд дөнгөж сая гурвын даваанд улсын начин М.Жамьянпүрэвт өвдөг шороодлоо.

Яг энэ цаг мөчид гурвын даваа үргэлжилж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж