Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагат багийн Бор худаг гэдэг газарт амьдарч байсан Л /50 настай эрэгтэй/ нь энэ сарын 28-нд гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага аймгийн Онцгой байдлын хэлтэст өчигдөр 09:10 цагт ирж, тус сумын Засаг даргын орлогч О.Насанбуянаар ахлуулсан 3 хүн, 1 автомашинтай эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын цагдаагийн постын хажууд тогтмол усанд хүн осолдсон тухай дуудлагыг өчигдөр /2016.07.30/ 14:54 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн М /18 настай, эрэгтэй/ тогтмол усанд осолдож нас барсан байсныг гаргаж, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний баруун талд Туул голын усанд хүн осолдсон тухай дуудлага өчигдөр /2016.07.30/ 16:12 цагт / хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /49 настай, эрэгтэй/ усанд осолдож нас барсан байсныг гаргаж, дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгчээ.
Г.ХОРОЛ