Х.Лхагвасүрэн: Дэлгэр сайхан наадахыг ерөөе

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Х.Лхагвасүрэн: Дэлгэр сайхан наадахыг ерөөе

Монголчууд бид өнөөдөр Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байна. Наадмын үеэр дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нарын сэтгэгдлийг сонслоо.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ:

-Байгаль дэлхий хүртэл  зон олныг тэтгэж, Үндэсний их баяр наадам сайхан болж байна. Сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниудад хязгаарлалт тогтоосонд газар  дэлхий, лус савдаг баярлаж, зон олон маань сэтгэл тэнэгэр явж байгаа болов уу. Миний хувьд төрийн ажил гэсээр бөхөөсөө бага зэрэг хөндийрчээ. Үндэсний бөхөд цоо шинэ, залуу  үе хүч түрэн гарч ирж байна. Залуучууд бужигнаад л байна. Заримыг нь танихгүй болжээ. Хувь хүний бодол гэвэл энэ жилийн наадмаар улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Х.Мөнхбаатар нарыг сайн барилдах байх гэж бодож байна. Энэ завшааныг ашиглаад Монголынхоо нийт ард түмэнд баяр наадмын мэнд хүргэж, сайхан наадахыг ерөөе.

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн:

-Үнэхээр сайхан байна. Айл бүрийн хойморт хүндэтгэлтэйгээр залагдаж байдаг “Монголын нууц товчоо”-г магтан дуулсан шинэ уран бүтээлээ хоёр дүүгийнхээ хамт баяр наадмын нээлтэд зориулж дууллаа. Нэг л гоё болж байгааг та бүхэн ч гэсэн мэдэрч байгаа биз дээ. Наадмын нээлт сайхан боллоо гэж бодож байна. Ард түмэн сэтгэл тэнэгэр, эх нутагтаа дэлгэр сайхан наадаж байна. Та бүхэндээ сайхан наадахыг ерөөе.

СТА Т.Дэлгэрмөрөн:

-Сэтгэл маш өндөр байна. Анх удаа төрийн наадмынхаа нээлтэд, түмэн олныхоо дунд дуун хадаг өргөлөө. Олон ой давхацсан өргөн дэлгэр наадам болж байгаа учир хүн бүрийн сэтгэлд омогшил төрж байгаа байх. Дуугаа дуулж байхдаа сэтгэл догдлохгүй байхын аргагүй тийм л сайхан мэдрэмж төрж байлаа. Монголынхоо ард түмэндээ  сайхан наадаарай гэж ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж