Б.Наранзун: Монгол наадам ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.11-нд нийтлэгдсэн

Б.Наранзун: Монгол наадам ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Монголчууд өнөөдөр Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэж байна. Наадмын нээлтийн ёслолын үеэр БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга Б.Наранзунгийн сэтгэгдлийг сонслоо.

-Сайхан наадаж байна уу? Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сайхан. Олон тэгш ой тохиосон маш сайхан өргөн наадмыг монголчууд угтаж байна. Сая наадмынхаа нээлтийг хийлээ. Өчигдөр төрийн хүндэтгэлийн концертоо хийсэн. Мөн баяр дээр баяр нэмж, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Монголд ирж, айлчилсантай холбогдуулаад Монгол наадмыг дэлхийд бүртгэлтэй гэдгийг албан ёсоор баталж, Монголын ард түмэнд батламжийг нь авчирч гардууллаа. Уг батламжийг өнгөрсөн жил ЮНЕСКО-гийн Ерөнхий хороонд БСШУЯ хөөцөлдөж бүртгүүлсэн байгаа. Энэ нь өөрөө нэг бодлын энэ жилийн наадмын “сюрприз” байлаа. Тэгэхээр энэ жилийн наадам зөвхөн Монгол нутагт болоод зогсохгүй дэлхий даяар Монголын наадмын нэр хүндийг өсгөх, монгол туургатны наадам болж байна. 

-Наадмын соёл урлагийн үйл ажиллагаанд хэчнээн уран бүтээлч оролцож байгаа вэ?

-Энэ жилийн наадмын хувьд соёл урлагийн салбараас 500 гаруй хүн оролцлоо. Урлагийн салбараас баяр наадмын өмнө гавьяат жүжигчид болон урлагийн гавьяат зүтгэлтнүүд төрлөө. Энэ ялдамд тэдгээр хүмүүстээ баяр хүргэе. Үнэхээр монголчууд наадмаа дээдэлж, соёл урлагаараа ард түмнээ цэнгээн, уламжлал болсон эрийн гурван наадмаараа дэлхийг донсолгосон сайхан өдрийг угтаж байна.

-Энэ жилийн наадамд гаднаас харьцангуй олон зочид, гийчид ирсэн байгаа бололтой?

-Гадны олон жуулчид, бусад улс орны соёлын сайд нар ирсэн байгаа. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова долдугаар сарын 9-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Түүнчлэн бусад дипломат шугамаар ирсэн олон гийчид байгаа. Гадаад, дотоодын зочид, гийчдэд нүүр ичэхгүй, чих халууцуулахгүй сайхан наадам үзүүлж байгаадаа маш их баяртай байна.

-Та сайхан наадаарай

-Та бүхэн сайхан наадаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж