Ө.Чагнаадорж: Олимп тамирчин хүн бүрийн зорилго байдаг

Хуучирсан мэдээ: 2016.08.02-нд нийтлэгдсэн

Ө.Чагнаадорж: Олимп тамирчин хүн бүрийн зорилго байдаг

Бразилын Рио-де-Жанейро хотод зуны олимпийн XXXI наадам нээлт гурван хоногийн дараа болох гэж байна. Энэ удаагийн олимпод 207 орны 10500 тамирчин спортын 42 төрөлд 4924 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас 43 тамирчин есөн төрөлд дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөнө. Монголын багийн сүүлийн 43 дахь эрх өнгөрсөн долоо хоногт хүндийн өргөлтийн тамирчин, ОУХМ Ө.Чагнаадоржид ирсэн юм.

Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос ОХУ-ын шигшээ багийг сэргээшийн асуудлаас болж хасч эрэгтэйчүүдийн эрхийг Серб, Хорват, Белги, Сальвадор, Монголын хүндийн өргөлтийн тамирчдад шилжүүлэн олгохоор болсон юм. 2015 оны насанд хүрэгчдийн ДАШТ болон 2016 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон амжилтаараа олимпийн наадамд өрөлдөхөөр болсон Ө.Чагнаадорж, дасгалжуулагч Д.Чинзоригийн хамт ирэх пүрэв гаригт/08.04/ Бразилийг зорино.

Ингээд 19 насандаа Олимпийн наадамд өрсөлдөх гэж байгаа Ө.Чагнаадоржтой ярилцлаа.

-Юуны өмнө “Рио-2016” олимпийн наадамд өрсөлдөх болсонд баяр хүргэе. Энэхүү баярт мэдээг сонсох тэр агшныг эргээд хуваалцахгүй юу?

-Үнэхээр баяртай байна. Өнгөрсөн бямба гаригийн /07.30/ өглөө багшаас дуудлага ирээд автал “Олимпийн наадам”-д оролцохоор болчихлоо гэж хэлсэн. Би тухайн үед нэг л итгэж өгөхгүй гэрээсээ гарсан. Мэдээж эхлээд гайхаад байлаа. Багшийнд иртэл надад албан ёсны бичиг ирсэн байгааг харуулсан. Тэр үед яагаад ч юм өөрийн эрхгүй сэтгэл хөдлөөд. Бүр тайван суухад хэцүү байлаа. Монголын багт ирсэн тэр мэдээлэл надаас гадна олон хүнийг баярлууллаа. Үнэндээ миний өнгөрсөн жилийн ДАШТ-д үзүүлсэн амжилт болон энэ жилийн Азийн аваргын оролцоо сайн байсан нь Олимпод оролцох боломжийг хангаж өглөө.

-Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос Олимпийн эрхийн дүрмэнд өөрчлөлт оруулснаар хувийн амжилтаараа бус багийн амжилтыг харгалзах болсон. Монголын баг өнгөрсөн жилийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон ч Олимпийн эрхээ авч чадаагүй билээ. Гэхдээ хөнгөн жинд таны хувьд 25-р байрт үзүүлсэн амжилт нэгэн шалгуурт багтжээ?

-Тиймээ. Олимпийн эрхийг авахын тулд маш хүнд болсон. Тамирчид бүгд жин бүртээ жигд сайн байх хэрэгтэй болсон. Монголын хүндийн өргөлтийн холбоо сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй баг дээр анхааран ажиллаж байна. Үүний үр дүнд өнгөрсөн жил АНУ-д болсон ДАШТ-д бүтэн багаараа оролцсон. Олимпийн эрх олгох байсан учраас тэр тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон. Ойролцоогоор Хьюстон хотноо болсон тэмцээнд 100 гаруй орон оролцсон. Эрэгтэйчүүд жиндээ эхний 29-д, эмэгтэйчүүд эхний 25-д орсон тохиолдолд “Рио-2016”-н нэг эрхтэй ирэх байлаа. Бид үүнд хүрч чадаагүй л дээ. Гэхдээ манай эмэгтэйчүүдийн шилдэг тамирчин М.Анхцэцэг жиндээ шилдэг наймд багтсан сайхан амжилтыг үзүүлсэн. Миний хувьд 25-р байрт орсон. Тухайн үед жиндээ хамгийн залуу нь байсан хэрнээ огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг-ыг өргөсөн. Миний хувьд насанд хүрэгчдийн ДАШТ-д өөрийн хэмжээнд сайн оролцсон гэж үздэг. Харин энэ жилийн Азийн аваргад амжилтаа ахиулж чадсан.

2015 онд АНУ-д болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д 25-р байрт орсон. Тухайн үед жиндээ хамгийн залуу нь байсан хэрнээ огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг-ыг өргөсөн. Миний хувьд насанд хүрэгчдийн ДАШТ-д өөрийн хэмжээнд сайн оролцсон гэж үздэг. Харин энэ жилийн Азийн аваргад амжилтаа ахиулж чадсан.

-Тиймээ. Энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн аваргаас Монголын баг нэг олимпийн эрхтэй ирсэн шүү дээ. Харин эрчүүдийн хувьд боломж хэр байсан бэ?

-Эмэгтэй багийн амжилт сүүлийн жилүүдэд эрс сайжирсэн. Эрчүүдийнх бас муугүй яваа. Азийн аваргад эмэгтэй багийн амжилт сайн байж, Олимпийн нэг эрхтэй ирсэн. Миний хувьд жиндээ наймдугаар байрт орохдоо огцомоор 110 кг, түлхэлтээр 140 кг-ыг өргөсөн. Энэ нь өнгөрсөн жил Дэлхйин аваргад үзүүлсэн амжилтыг 15 кг-аар ахиулсан байсан. Мөн өөрийн тогтоосон залуучууд болон насанд хүрэгчдийн рекордыг дахин шинэчлэн тогтоосон. Мэдээж бид бүхэн чадлаараа зүтгэсэн. Эрчүүдийн хувьд Олимпийн эрхийн төлөө сайн бэлдсэн. Гэхдээ эрхээ бид албан ёсоор аваагүй байлаа. Харин өнгөрсөн долоо хоногт ирсэн эрх бол гэнэтийн зүйл байсан.

-Бэлтгэлийн хувьд хэр байгаа вэ?

-Азийн аваргаас хойш өндөр түвшинд бэлтгэл хийгээгүй байгаа. Би энэ жил дунд сургуулиа төгслөө. Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн н.Түмэндэмбэрэл багштай 12г ангийг төгссөн. Ирэх есдүгээр сард Японд болох залуучуудын Азийн аваргад оролцох бодолтой байсан. Тиймээс бэлтгэлийг өндөр түвшинд хийгээгүй үе таарлаа.

-Ингэхэд Ө.Чагнаадоржийн хувьд хүндийн өргөлтийн спортыг яагаад сонгох болов?

-Үнэндээ би санаандгүй энэ спортыг сонгосон. Би их намхан. Гэхдээ чөлөөт бөхийн спортыг нэг хэсэг сонгож байгаад удаан хичээллэж чадаагүй. Манай гэр бүлд спортын хүн байдаггүй. Аав маань барилгын компанид ажилладаг. 2013 оны хавраас энэ спорттой холбогдсондоо. Тэр жилийн гуравдугаар сард Баянзүрх дүүргийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгааг н.Эрдэнэбаатар багш маань надад хэлсэн. Багш “чи дүүргийн аваргад” ороод нэг үзээч гэж билээ. Хүндийн өргөлтийн ямар ч мэдлэггүй миний хувьд дүүргийнхээ аваргад оролцоод огцомоор 40 кг, түлхэлтээр 55 кг-ыг өргөж, түрүүлж байсан.

-Тэр жилээ Д.Чинзориг багшийн шавь болсон гэсэн байхаа?

-Тиймээ. 2013 оны дүүргийн аваргын тэмцээн миний амьдралыг өөрчилсөндөө. Тухайн үед багш намайг хараад “энэ хүүхэд хүндийн өргөлтийн спортыг сонгох болов уу” гэж бодсон гэсэн. Би тэр үед анх удаа тэмцээнд орж байгаа хэрнээ өөртөө их л итгэлтэй байсан юм шиг байгаа юм. Штанк өргөж байхдаа “ааааа” гээд орилоод байсан гэсэн. Тэгээд тэмцээний дараа багш надад санал тавьж, би ч дуртай зөвшөөрсөн.

-Багш, шавь хоёрын амжилт гурван жилийн хугацаанд Олимпийн наадмыг зорих хүртлээ амархан ахисан байх юм?

-2013 оны хавраас багш дээр бэлтгэл хийж эхэлсэн. Спортын төв ордны хүндийн өргөлтийн тамирчдын танхимд орж ирэхэд их л сүрдмээр байж билээ. Гэхдээ анхны өдрөөс эхлээд надад дасгалууд нь сонирхолтой санагдаж байсан. Багшийн заавраар аль болох алдаа гаргахгүй байхсан гэж хичээж байлаа. Тэр жилээ өсвөр, залуучуудын улсын аваргад түрүүлсэн. Дараа жил нь насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлээд дэндүү их баярлаж билээ. Өнгөрсөн жил ДАШТ-д оролцож, энэ жил Азийн аваргад оролцлоо. Магадгүй би яг өөрийн хийж чадах зүйлдээ хүрсэн болохоор богинохон хугацаанд миний амжилт өссөн байх. Өнөөдөр багш, бид хоёр анхны Олимпийн наадамдаа оролцох гэж байна. Бид “Токио-2020”-д оролцоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Гэхдээ өнөөдөр “Рио-2016”-д оролцох болсондоо баярлаж сууна. Энэ үед миний зорьсон хүсэл минь үнэхээр зөв байжээ гэдгийг мэдрэх сайхан юм. Мэдээж тамирчин хүн бүрийн хүсэл бол Олимпийн наадам шүү дээ.

-Бэлтгэлийн танхимд ороод ирэх үед таны хувьд их сайн амралт болж чаддаг уу?

-Тиймээ. Үнэндээ надад зааланд ороод ирэхэд нэг л сайхан санагддаг. Хэрвээ би гурван жилийн өмнө энэ спортыг сонгоогүй байсан бол өөрийгөө хаах нь яваа болдоо гэж бодох үе гардаг. Сэтгэлд жаахан санаа алдмаар зүйл байлаа ч тэр бүгдийг мартаад бэлтгэлээ хийх нь том завшаан юм даа. Бэлтгэлийн танхимаас би амжилтаас амжилт руу тэмүүлж байна. Энэ дашрамд надад байнга тусалж байсан 53 сургуулийн захиргаа, ангийн багш Түмэндэмбэрэл болон ангийнхандаа баярлаж байна. Тэмцээнд бэлтгэх гээд завгүй үед бусдын дэмжлэг надад үнэхээр их хэрэгтэй байдаг байлаа. Мөн Монголын хүндийн өргөлтийн холбоо, Монголын Үндэсний олимпийн хороо, Онцгой байдлын Ерөнхий газрын дэргэдэх “Аврагч” спорт хороо болон Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл  болон надад байнга тусалж, дэмжлэг үзүүлдэг бүгдэд талархаж байна. Улам сайн хичээх болно. Баярлалаа.

Ө.ЧАГНААДОРЖИЙН АМЖИЛТ:

Өлзийбаярын Чагнаадорж Өвөрхангай аймгийн харьяат бөгөөд 1997 онд төржээ. Өнгөрсөн хавар нийслэлийн 53 дугаар сургуулийг төгссөн. Нэг ах, хоёр дүүтэй.

  • 2013 онд Баянзүрх дүүргийн аварга, өсвөр, залуучуудын улсын аварга, нийслэлийн аваргын мөнгөн медаль. Мөн Наньжинд хүүхдийн их наадамд оролцсон.
  • 2014 онд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга, оюутны улсын аваргад жин өгсөн мөнгөн медаль. Тайландад болсон залуучуудын Азийн АШТ-д оролцсон
  • 2015 онд залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга, АНУ-ын Хьюстон хотноо болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д жиндээ 25-р байр эзэлсэн. ДАШТ-д огцом 105 кг, түлхэлтээр 130 кг.
  • 2016 Монголын Бүх ард түмний спортын XIV наадамд түрүүлж, залуучууд, насанд хүрэгчдийн улсын рекордыг шинэчилсэн. Узбекстаны Ташкент хотноо болсон насанд хүрэгчдийн Азийн АШТ-д VIII байр эзэлсэн. Азийн аваргад огцом 110 кг, түлхэлт 140 кг.

Өдгөө Ө.Чагнаадорж Онцгой байдлын Ерөнхий газрын “Аврагч” спорт хороонд харьяалагддаг. Түүний хувьд “Аврагч” спорт хорооноос Рио-г зорьж буй гурав дахь тамирчин боллоо.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж